БНХАУ-д үүссэн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрээн-Замын-Үүд хилийн боомт хаагдаад байгаа билээ. Тус хилийн боомтоор орж ирэхээр хүлээгдэж байсан эм, эмнэлгийн хэрэгсэл гацсан байна. Эрээний боомт дээр эм, эмнэлгийн хэрэгслийн олон тонн бараа гацсан гэдгийг аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд эм ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаараа Эрүүл мэндийн салбарын удирдлага ярилаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эм ханган нийлүүлэх байгууллагын санхүүжилт байхгүй, ЭМД-ын сангийн төсөв дууссан гэсэн асуудалд нийт аравдугаар сарын 31 байдлаар, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын тусламж үйлчилгээ гарсан нийт зардал 968 тэрбум төгрөг. Урьдчилсан тооцооллоор арванхоёрдугаар сард 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдаж магадгүй. Гэхдээ зохицуулалтыг хийж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан:
-44 байгууллагад судалгаа хийхэд улсын эмнэлгүүд дуслын шингэн 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Дуслын шингэн болон тариур дутагдалтай байгаа. Дуслын шингэнийг дотоодод хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Тариурын хувьд үндэсний үйлдвэрийн нэг компани байдаг. 90 хувь нь импортоос хамаардаг. Сар гаруйн өмнө ААН-д тариур тасрах эрсдэлтэй байгаа учраас нөөц бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд таталт хийсэн боловч, яг одоо долоон чингэлэг Тяньжин болон бусад боомтод саатсан байна. Одоо татан авалт хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад нэг сая орчим тариурын нөөцтэй бол, зах зээлд 400 мянга орчим нөөцтэй байна. Вагоноор 270 мянга орчим тариур орж ирнэ. Татан авалтыг ээлж дараатай хийнэ.