Монгол улсад Эдийн засгийн хямрал бус Улс төрийн хариуцлагагүйн зуд нүүрлэсэн

Монгол улсад Эдийн засгийн хямрал бус Улс төрийн хариуцлагагүйн зуд нүүрлэсэн

 УИХ-д 65 суудалтай МАН. Тэд хариуцлага ярьж, алдаа дутагдлыг арилгах гэж амлаж ялалт байгуулан гарч ирсэн.

МАН 2016 оны сонгуульд олон сайхан амлалт өгөв. Нэгд дахин зээл өр тавьж, өрийн босгыг нэмэгдүүлэхгүй. Татвар нэмж аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй. Энэ бол амлалт. Амлалтаа биелүүлэх хариуцлага хэрэгтэй. Гэтэл эрх баригч МАН энэхүү хариуцлагаасаа зугтаж, хийх ажил, хэрэгжүүлэх бодлого бүр нь амлалтаас нь гажуудсан байдалтай байна. Иймээс Монгол Улсад эдийн засгийн хямрал биш Улс төрийн хариуцлага алга болчихжээ. Монгол улсын буян заяа, Монгол хүний хийморь лундаа байгаа учраас яаж ч ядарсан гаднаас бидэнд зээл олдох хэмжээнд байна.

 

Улс төрчийн хариуцлагагүй мэдэгдэл. Улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлж болдог жишээг олонтоо харлаа. 2012-2014 оны хооронд Эдийн засаг хөгжлийн сайдын хөлчүүлрхүү мэдэгдэл бүр араасаа асуудал дагуулж байв. Мөнгөтэй төрийн мэдлэг багатай сайд нарын балаг нь хариуцлагагүй улс төрийг бий болгож байлаа.

2016 оны 8 сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Баярсайхан нарын мэдэгдэл валютын ханшыг хэрхэн өндөрт хийсгэв. Энэ бүхний цаана өнөөх л улс төрчийн хариуцлага утгагүй цэцэрхийлэлтийн гай гасланг түмэн олон л нуруун дээрээ үүрч, төр засагтаа бурууг өгөхөөс хэтэрсэнгүй. Гэтэл өнөөдөр эрх баригч нар гадаадаас хэдэн ч төгрөг хамаагүй зээлэх тухай хэлтэй болгон ярьж, хөлтэй болгон нь тэр улсад очиж явна. Гэтэл тэдэнд хамгийн том зээлийг нь Монголын ард түмэн өгчихсөн.

 

Итгэлийг зүтгэлээр хариулахаа амласан нам бол МАН. УИХ-ын дарга М.Энхболдын зүтгэл чухам хаана байна вэ? Тэр намаа удирдаж, төрөө чиглүүлж, түмнээ манлайлан удирдаж чадаж байна уу. М.Энхболд 2016 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Элгээрээ хэвтэх гээд байгаа эдийн засгийг аварсан том бодлогыг толгойгоороо хийж чадав уу? Хэн ч гэсэн энэ намын эрхтэн дархтан нарыг энэ хугацаанд том ажил амжуулчихлаа гэж харахгүй байна. Япон улсад айлчилж 850 сая ам долларын зээл авахаар болсон нь түүний хийсэн ганц гялтайх ажил гэхэд болно. Гэхдээ бас л өр. Өр учраас мах ч маргаашдаа бол чулуу байж мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийг УИХ-д өргөн барьж намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж оролдсон. Харин эрх баригч МАН-ынхан харьж яваа хүний үгээр бид ажил хийхгүй. Хариуцлага гэдэг зүйлийг бид өөрсдөө л өөртэйгөө тооцно. Ц.Элбэгдорж бидэнтэй хариуцлага ярьдаггүй юм гэх зэргээр улс төржөөд өнгөрөөсөн. Хуулийнхаа мөн чанар, ач холбогдол зэргийг ухаарч үзээгүй билээ. Харин өчигдөр хаврын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийг санууллаа.

  

Өнөөдөр хууль гууль болж байна. Хэдэн жилийн өмнө УИХ-ын дарга М.Энхболд сөрөг хүчин байхдаа хууль гууль боллоо гэсэн лоозон бариад буйдан дээр суулт зарлаж байсан билээ. Түүний энэ дүр төрх өнөөдөр ч олон хүний тархинд буцалж байгаа нь гарцаагүй. Жинхэнэ утгаараа хуулийг гууль болгож, дүрэм журмыг огт мөрдөхгүй яваа хурган дарга нартайгаа хариуцлага гэдэг зүйлийг огтоос хийхгүй суугаагаа МАН юу гэж тайлбарлах бол. Ганцхан жишээ хэлэхэд л Засгийн газар нь төрийн мөнгөөр албанд болон хувьдаа авто машин худалдан авахыг хориглосон шийдвэрийг гаргасан. 2016 оны 8 сараас хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхгүй хурган дарга нарын нэг бол Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Бадамсүрэн. Түүний хувьд 300 сая төгрөгөөр шинэ загварын том оврын жийп машин худалдан авчихаад сууж байна. Хэн ч хариуцлага тооцохгүй. Бас хэн ч буруу гэдгийг нь хэлж чаддаггүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тайлбарлахдаа: Харин Засгийн газрын журмын зөрчөөд авчихсан байна лээ. Үүнийг нь засагт танилцуулна. Засаг л шийдэх байх даа гэв. Гэтэл Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилох шийдвэрийг Ц.Ням-Осор дарга шийдвэрлэсэн. Түүний гарын үсэгтэй бичгээр нэр нь цохогдож Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ томилсон байгаа. Гэтэл томилсон албан тушаалтантайгаа хариуцлага тооцож чадахгүй хямралтай нүүр тулаад явж байна. Энэ мэтээр хариуцлага алдсан албан тушаалтан бүр толгойгоо илүүлж, дэвшсэн шиг явсаар Монгол улс хямралд өртөж, өрөндөө идэгдэж, өтөндөө баригдах дээрээ тулчхаад байна.