ОУВС-ын нэр барьж Төсвийн зарлагаа нэмсэн Засгийн газартай хариуцлага тооцох уу?

ОУВС-ын нэр барьж Төсвийн зарлагаа нэмсэн Засгийн газартай хариуцлага тооцох уу?

Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах тухай яриад жил болох нь. Энэ хугацаанд уг хөтөлбөрт орно, орохгүй гэсэн мэтгэлцээнээс өөр бодит үр дүнг бид амсч чадаагүй байна. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдахаар боллоо гэж Засгийн газар мэдэгдсэн ч баталгаажуулах ажлыг УИХ хийх учиртай. УИХ-аас баталгаажуулалтыг хийхдээ мэдээж хэрэг Төсвийн тодотголыг батална гэсэн үг. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотгол нь алдаа мадаг ихтэй. Асуудлыг шийдэх гэж боловсруулсан төсөл биш. Харин Эдийн засгийг улам л сааруулах, улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн. Үүнийг боловсруулж орж ирсэн Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй хариуцлага ярих цаг нь болсон.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын хувьд ОУВС-тай гэрээ байгуулна гэж байгаа нь Засгийн газрын хувьд зөв алхам. Харин оруулж ирсэн төсөв нь маш муу. Юу ч хийхгүй, тэгсэн хэрнээ зээл авна гэж төсөв оруулж ирнэ гэдэг маш буруу. Эдийн засгийн өсөлтийг 3 хувь байна гэж тооцож гаргаж ирсэн. Гэтэл Засгийн газар төсвийн орлогоо хасчхаж, зардлаа нэмчхэж. Ийм хачин төсөв оруулж ирдэг нь яаж байгаа юм вэ? хэмээн бухимдав.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд бас л өр нэмэх гэсэн төсөв оруулж ирсэн засагт хариуцлага алга. 2 жилийн өмнө өрийн дээд хэмжээг 55 хувь болгосон. Гэтэл манай нам өр нэмэхгүй гэж орж ирээд 85 хувь болгочихсон. Одоо гэтэл 5,5 тэрбум ам долларын хэмжээтэй урт хугацааны зээл авна гээд явж байна. Гэтэл өрийн хэмжээ 100 хувьд хүрэх эрсдэлтэй. Үүнийгээ тооцохгүйгээр зөвхөн өр нэмэхээр төсөв оруулж ирдэг засаг байж болохгүй. Харин үүнийхээ оронд зардлаа бууруулах аргыг олж харахыг хүсэв.

Засгийн газраас төсвийн тодотголыг боловсруулж оруулж ирэхдээ сайд нарын багцыг бүгдийг нь 1-100хүртлэх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихсэн. Энэ мөнгөний нэмэгдлийн нийлбэр нь 200 гаруй тэрбум төгрөг болжээ. Гэтэл Төсвийн тодотголын хүрээнд 7 төрлийн татвар нэмнэ. Энэ татварыг нэмээд 2017 онд улсад 200 гаруй тэрбум төгрөгийн орлого хуримтлуулах  гэж байгаа. Гэтэл энэ мөнгийг сайд нарынхаа нэмэгдсэн багцыг хасахад л шийдчих боломжтой. Энэ мэтээр нэгийг олоод нөгөөгөөр нь үрүүлэх гэсэн төсөв байж болохгүй. Ийм төсөв боловсруулсан сангийн сайд, Ерөнхий сайд нартай хариуцлага ярих нь зүйтэй гэж эрх баригч намын зарим улс төрчид ам уралдан шаагилдах боллоо.