Улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлгийн хүрээнд гишүүдийг талцуулж байгаа 2 гол асуудал нь татварын нэмэгдэл. нөгөө нь сайд нарын багц нэмэгдсэн явдал юм. 2017 оны төсвийн урсгал зардлыг 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд оруулаад ирсэн. Энэхүү нэмэгдлийн гол шалтгаан нь 16 сайдын 15 сайдынх нь зарцуулах мөнгө нэмэгдсэн явдал юм. Гэтэл нөгөө талд нь 7 төрлийн татварыг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэж татвар нэмж ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байгаагийн цаана 2017 онд бас л 200 тэрбум төгрөгийн нэмэгдэл яригдана. Энэ бүхнийг шийдэх гарц нь сайд нарын зарцуулах мөнгийг хасчих явдал гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тайлбарлаж байна.
Урсгал зардлыг бууруулах маш олон боломж байгаа. Энэ бүхнийг Засгийн газар ашиглахыг огт хүсэхгүй байна. Наанадаж л 13 дэд сайдын орон тоог цөөлж болно. Учир нь дэд сайдуудад жилдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнээс гадна бүх аймаг, дүүрэг, сумын засаг даргын дор 1-4 хүртэлх орлогч ажиллаж байна. Эдгээрийн орон тоог ч бууруулах боломжтой. Энэ бүхний цаана маш их хэмнэлт явагдана. Хүүхдээс 20 мянган төгрөг харамлаж хэн нэгэн хурган даргад 2 сая төгрөг зарцуулах гэсэн шийдлийг засгийн газар олж байна гэсэн шүүмжлэлийн сөрөг хүчний намын дарга С.Эрдэнэ өглөө.
Засгийн газар үнэхээр л ажил хийх сэтгэлтэй байсан бол 2,7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирэхгүй байсан. Харин үүнийхээ оронд зардлаа бууруулсан. Орлогоо нэмэгдүүлсэн төсөв оруулж ирэх байлаа. дээр нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг -2 хувьтай гэж тооцдог Засгийн газрыг мэргэжлийн гэж тодотгоход тун бэрхшээлтэй. Уг нь УИХ-аас 2017 оны Монгол улсын эдийн засгийг 3,1 хувьтай байна гээд тооцож өгсөн. Гэтэл тодотгол оруулж ирэхдээ бүр бууруулчихсанд УИХ-ын гишүүд эгдүүцэж байна.