Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. 40 дөнгөж гарч буй энэ залуу эрчтэй өгсөж өндөрт хүрч болох улс төрийн давцандаа суув. Сайн ахын нөмөр нөөлгөөр улс төрд өндийж эхэлсэн энэ залуу өөрийн харизм, бас этгээд үйлдэл, хурц ширүүн зангаараа улс төрд өөрийгөө тамгалж, жирийн эрх тосгоны жаал хүү бэрх даваа бүрийг туулд Бэрс болж томорч чадлаа.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийн зовлон одоо л эхэлж байна. Тэр намын дарга учир эв зүйг нь олох гэж хичээнэ. МАН гэдэг бол хүссэн хүсээгүй эрх ашгийн нэгдэл болсон бүлэглэл, фракцын нийлбэр. Энэ бүхнийг эвлүүлэх, эвдрэлцүүлэхгүй байх, өөрийнхөө эсрэг сэлэм далайлгахгүй байх үүргийг хүлээнэ. Өнгөрсөн хугацаанд ойччих гээд байсан учир намын их хурлаа хэд хэдэн удаа хойшлуулж, өнөөх бүлэг, фракцынхаа эв зүйг олж, өөрийгөө хүлээн зөвшүүлж чадсан учир тэр намын хурлаа хийж, албан ёсны дарга болов.
Олон хүн одоо бол хамгийн том нь Л.Оюун-Эрдэнэ хэмээн хөөрцөглөж байна. Хамгийн том нь биш харин хамгийн их зовлонтой нь Л.Оюун-Эрдэнэ болж байна. Тэр өмнөх хаан мэт загнаж байгаад хөсөр хаягдсан бүх улс төрчдийнхөө замналыг давтах уу, дагах уу гэдэг дээр сонголтоо хийнэ.
Хаан мэт аашилж байгаад хөсөр хаягдаад одоо намынхаа бөөрөнд толгой хорогдож буй Н.Энхбаяр, М.Энхболд нарын ирээдүйг давтах уу? Эсвэл нөлөө нь үл арилах нэгэн далдын хүч болж намдаа бугшсан идээ мэт наалдсаар байх уу? гэдэг сонголтоо хийх зовлонтойгоо Л.Оюун-Эрдэнэ нүүр тулж байна. Түүний зовлон өнөөдрөөс эхэлж байгаа.
Л.Оюун-Эрдэнэ улс төрийн шатаа өгсчихсөн. Харин шатны дээд талд удаан зогсох уу? эсвэл буцаад уруудах уу гэдэг сонголтоо тэр одоо хийнэ. Түүний шат уруудах цаг нь ирсэн. Уруудахдаа удаан байх уу? эсвэл хурдан уруудах уу гэдгийг нь ухаж ойлгоод, харж суух нь дээ.