Д.Эрдэнэбат: Парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан

Д.Эрдэнэбат: Парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

 болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг. Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 9 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат ийнхүү илэрхийлж байжээ.

 

Энэ Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын гол асуудал. Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэдэг саналыг нь ажлын хэсэг хассан. УИХ-ыг бодлоготой болгох, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг зөв гольдрил, горимд ороход энэ санал туйлын чухал нөлөөтэй гэж бид үзэж байр сууриа илэрхийлж ирсэн.

Харамсалтай нь өнөөдөр бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж, саналаа гаргаж ирсэн боловч Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй байгааг өнөөдрийн үйл явц нотолж байна. Сонгодог парламентын зарчимд шилжье гэвэл парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан. Хэрвээ УИХ-ыг бодлоготой байлгая гэвэл улс төрийн намуудыг зөвшөөрч, төлөвшүүлэх, улс төрийн намаар дамжин УИХ-ын бодлого тогтвортой байх энэ гол зарчмын нэг заалт болох УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог бид дэмжье гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Бидэнд хүнд байгаа боловч Монгол Улсын ирээдүйг бодож, энэ улсын ардчиллын үнэ цэнийг хамгаалах гэж, ардчилсан парламентыг үнэхээр зөв тогтоцтой болоод, цаашид төлөвшөөд яваасай гэдэг үндсэн дээр зарчмын суурь саналыг бид тавьсан. Харамсалтай нь энэ санал өнөөдөр унаж,  одоо санал хураалтаар энэ асуудал нэг тийшээ болох нь. Хэрвээ бид сонгодог парламентад тавигдаж байгаа бидний өнгөрсөн сургамжин дээр тулгуурласан энэ зүйлийг өөрчилж чадахгүй юм бол, эр зориг гаргахгүй юм бол энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ач холбогдол байхгүй болно. Хийсэн зүйлээ бүгд нэг эргээд хараарай.

Намуудын тогтолцоог буй болгосон мөртлөө намуудыг төлөвшүүлэх, улс төрийн бодлогод зүй зохистой оруулах боломжийг олгосон энэ пропорциональ тогтолцоог үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийг тахир дутуу болгож байгаа хэрэг. Мэдээж Ардчилсан намд энэ асуудал хүнд байсан ч гэсэн зарим нэгэн хүнд таалагдахгүй байсан хэдий ч бид Монголын ирээдүйг бодож, энэ саналыг оруулсан.

Энэ тогтолцоогоор улсыг төлөөлүүлээд, орон нутгийг төлөөлүүлэн тэгш хэмжээнд хийсэн бол Монголын парламентын өнгө ирээдүйд огт өөр болох байсан. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна. Би үүнд маш их харамсаж байна. Үүгээр популизм хийх шаардлагагүй байсан юм. Улстөрчид 2020 оныхоо сонгуулийг бодож шийдвэр гаргах шаардлагагүй байсан юм.

Энэ бол Монгол Улсын ардчиллыг баталгаажуулах, ардчилсан Үндсэн хуулийг төгөлдөршүүлэх, үнэхээр энэ ардчилсан сонгодог парламентаа хамгаалах цорын ганц зүйлүүдийн нэг байсан гэдэгт бид итгэл үнэмшилтэй байдаг. Өнөөдөр энэ зарчмын асуудлууд санал хураалтаар унах юм шиг байна. Олонхи энэ дээрээ тохирсон юм шиг байна.

Бидний оруулсан холимог тогтолцооны асуудал унах юм бол Ардчилсан намын урьдчилсан зөвшилцөлсөн, саналаа оруулсан үр дүн байхгүй болно. Хэрвээ энэ санал унах юм бол бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдаанд Ардчилсан нам цаашид оролцох боломжгүй гэдгээ би та бүхэнд хэлье. Баярлалаа.