ЭМЯ: Омикрон хувилбар Монголд бүртгэгдээгүй

ЭМЯ: Омикрон хувилбар Монголд бүртгэгдээгүй

Коронавируст халдвар КОВИД-19 өвчний омикрон хувилбар дэлхий 100 орчим улсад бүртгэгдэж, тархалтын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал АНУ-д бүртгэгдэж буй ковид-19 өвчний тохиолдын 73 хувь нь омикрон болжээ. 

Өдөрт бүртгэгдэх тоо хэдэн мянга дахин нэмэгдэх болсон нь шууд омикрон хувилбарын тархалттай холбоотой гэдэг мэдээллийг АНУ-ын зүгээс гаргаж байна. Өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийх, одоо мөрдөж буй дүрэм журмыг дахин харж нягтлах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн байна. Тухайлбал АНУ-ын сагсанбөмбөгийн лиг болох НБА-ийн дүрэм ковид-19-ын дэглэмээ өөрчлөх талаар ярьж эхэлжээ. Учир нь хэд хэдэн тоглолт ковидын өвчлөлийн улмаас хойшлогдох, цуцлагдах хүртэл арга хэмжээ авагдаад байгаа билээ. 

Англид л гэхэд ковид 19 өвчний омикрон хувилбарын бүртгэгдээгүй 400,000 тохиолдол байж болзошгүй талаар тус улсын албаны эх сурвалж мэдээллэх болов. Өдөрт бүртгэгдэж буй тоо огцом өсч, нас баралт өдөр бүрт өндөр тоогоор бүртгэгдэх болсон нь омикрон хувилбарын нөлөөлөл гэж тус улсын албаныхан тайлбарлах болжээ. 

Монгол улсын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 27 өдрөөс эхлэн хил дээр шинжилгээ хийх, гэрийн тусгаарлалтыг идвэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч буй билээ. Гадны 11 улсаас ирсэн иргэдийг шууд өөрсдийнх нь зардлаар тусгаарлаж буй бол бусад улсаас ирсэн иргэдийг хил дээр түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ авч гэрт нь явуулж буй бөгөөд тухайн иргэн гэртээ 10 хоног өөрийгөө тусгаарлах ёстой юм. Гэртээ буй иргэнийг 4 дэх хоног дээр нь өрхөөс шинжилгээ авах ёстой. Үүний дараа эрсдэлгүй бол хэвийн амьдралд нь оруулах зохицуулалт үйлчилж буй талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар омикрон хувилбарын тохиолдол Монгол улсад бүртгэгдээгүй бөгөөд генийн урвал тогтоох шинжилгээг хийж буй гэлээ.