Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс нэгэн сонирхолтой олдвор олжээ. Судлаачдын таамаглаж байгаагаар сүүлчийн мөстлөгийн /10-15 мянган жил/ үед холбогдох эртний шувууны 17,3 см өндөртэй, өндрийн тойрог нь 50,5 см, хэвтээ тойрог нь 45,5 см, 349 гр жинтэй бүтэн өндөг юм. Магадгүй энэ өндөг нь тэмээн хяруул шувууных байх магадлалтай гэж үзэж байна. Учир нь өмнө Монгол нутгаас тэмээн хяруул шувууны өндөгний хэсэг олдож байсан боловч бүтэн байдлаараа олдож байгаагүй аж.
Тус аймгийн Манхан сумын нутагт байрлах Гурван цэнхэрийн агуйн хадны зурагт тэмээн хяруул шувууг дүрсэлсэн байдаг. Тиймээс уг шувуу нь өндөр Алтайн уулсын дунд амьдарч байсныг палеонтологийн энэхүү олдвороор нотлох боломж олдож байна гэж орон нутгийн судлаачид үзэж байгаа ажээ.