Улсын Их хурлаар Төсвийн тодотголыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж эхэлсэн. Гэтэл 1 тэрбум төгрөгөөс эхлээд 100 гаруй тэрбум төгрөгөөр сайдынхаа багцыг нэмэгдүүлсэн Мэргэжлийн засгийн газрын мэдлэг нь өндөр сайд нарын хувьд хэдэн төгрөгтэй л байхад бусдын юу гэх нь хамаагүй бололтой. Дээр нь 65 гишүүний бүлэгтэй МАН-ын Засгийн газар учраас хэн юу гэхийг үнэндээ л үл тоох шинж ажиглагдах болов. Учир нь Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад сайд нарын хариуцсан салбар бүрийн мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийднэ. Гэтэл дээрх хариуцлагыг сайд нар огт мэдэхгүй. Эсвэл нохой хуцаж л байг, жингийн цуваа явж л таарна гэгчээр УИХ-ын гишүүд боорлож, бухимдан хашхирч л байг. Төсөв батлагдах болно. Түүнийг нь би үрнэ гэсэн хандлагаар явж байгаа бололтой. Үүнийг илэрхийлэх нэгэн жишээ нь УИХ-ын чуулганы танхимд сайд нар алга гэх гишүүний гомдол юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь татвар нэмнэ. ОУВС-ын хөтөлбөрт орно гэхээр өөр шидтэй тайлбар хийж чадахгүй сууна. Харин сангийн сайд Б.Чойжилсүрэн болохоор ОУВС-ын зөвлөж байгаагаар гээд өөрийгөө муухай байдалд оруулчих юм. Тэгэхээр бусад сайд нар нь хажуугаас нь оролцоод өөрийнхөө төсөв, зарцуулалтын талаар оновчтой тайлбар хийгээд танхимын зарчмаа хадгалаад явах ёстой баймаар юм.Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарыг улаан нүүрээ улалзуулаад төсвөө батлуулаад гаргаад ир гээд үүрэг өгчихсөн мэт л авирлаж байна.