Нийслэлийн харьяа 100 гаруй байгууллага Улаанбаатар хотод байрлан ажиллаж байна. Эдгээр байгууллагын албан хаагчдын ажлын цаг 2017 оны 04 сарын 15 өдрөөс эхлэн өглөөний 08:00 цагт эхэлж байхаар болжээ. Харин оройн 17:00 цагт ажил нь тарах юм байна. Өдөр цайны цаг нь 12:00-13:00 цагийн хооронд байхаар Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнөөс өнөөдөр шийдвэрлэсэн байна. Гэхдээ тухайн байгууллагын онцлогоос хамаарч цайны цагт өөрчлөлт орж болох талтай. Ийнхүү ажлын цагийг урагшлуулах болсон нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой гэж Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнөөс шийдвэрлэжээ.
Өмнө нь Улаанбаатар хотын харьяа байгууллагын ажил өглөө 08:30 цагт эхэлдэг байсан юм. Ийнхүү ирэх 7 хоногоос эхлэн 30 минутаар урагшлахаар болж байна. Ийм өөрчлөлтийг 2012-2016 оны хооронд хэд хэдэн удаа авч хэрэгжүүлж байсан билээ. Үүний үр дүнд өглөө ажил эхлэх, орой тарах үеийн авто замын ачаалал 10-30 хүртлэх хувиар буурсан гэдэг үзүүлэлтийг Замын цагдаагийн газраас мэдээлэлж байсан юм. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний ачаалалд хэдий хэмжээний нөлөөлөл үзүүлэх нь хараахан мэдэгдээгүй байна. Энэхүү өөрчлөлт нь 2017 оны 10 сарын 01 хүртэл үргэлжлэх юм байна.