Хөвсгөл аймаг гамшигт бэлэн эсэхээ шалгууллаа

Хөвсгөл аймаг гамшигт бэлэн эсэхээ шалгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 100 гаруй мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар, гурван шаттай, зургаан үетэйгээр ажиллах юм.

Сургуулийн нээлтэд Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.  

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.


Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Болзошгүй аюул, ослын байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нүүлгэн шилжүүлэх, хохирлын үнэлгээ хийх үеийн орон нутгийн “Онцгой комиссын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, нуранги, уснаас эхэн хайх, аврах ажиллагаа, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний гоц болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна.

Мөн өнөөдөр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.