Монгол Улсын төрийн 17 тэрбум ам доллар оффшорт бүст гарчихсан гэх албан бус мэдээлэл хөвөрч байгаа. Монгол Улсын 40 гаруй иргэн оффшорт компанитай. Бас данс эзэмшдэг гэх мэдээллийг олон улсын байгууллага гаргасан. Эдгээр эрхмүүд нь бүгд л Монгол төрөөс мөнгө хумсалсан байх магадлалтай. Ер нь 26 жилийн хугацаанд Төрөөс төрсөн тэрбумтан бүрийн хөрөнгө оффшорт очиж нуугдсан гэсэн хардлага нийгэмд байна. 40 гаруй оффшорт данстай эрхмүүдийн дийлэнх нь Төрд өндөр албан тушаал хашиж байгаа хэн нэгний эхнэр, хүүхэд, эсвэл төрөл садан нь байгаа. Гэтэл Оффшортой тэмцэх хуулинд зөвхөн Улс төрийн өндөр албан тушаалтан өөрөө л оффшорт данс эзэмшээгүй бол толгойг нь илнэ. Ийм л хуулийн заалтыг эрх баригч МАН оруулаад ирлээ. Үүнийг өөрчлөх нь зөв гэж сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр байнгын хороон дээр байр сууриа илэрхийллээ.
Оффшорт данс эзэмшиж байгаа ихэнх хүмүүс Монголын төрөөс л хулгайлсан. Тэрнээс ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө тэнд аваачиж нууна гэж байхгүй. Дэлхийн хэмжээнд 42 оффшор бүс байна. Гэтэл эдгээрийн аль нэгэнд данс эзэмшиж мөнгөтэй гэдгээ мэдүүлсэн бол Төрийн албанд ажиллаж болно гэсэн толгойг нь илсэн заалтыг Оффшортой тэмцэх хуулинд оруулж өгчээ. Ингэж худал хуурмаг хуулиар түмний толгойг эргүүлэх шаардлага байхгүй ээ. Үүнийхээ оронд хориглох гэж байгаа бол тодорхой заалт оруулж өг гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан өгүүллээ.