Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэрхэх учраа олохгүй будилж суугаа. Түүний хувьд өмнө нь тулгарсан бэрхшээлээ давж чадахгүй сөхөрч эхэлжээ. УИХ-ын гишүүдийн шахалтыг аргалах арга учраа олохгүй байгаагаас гадна одоо танхимдаа буй сайд нарынхаа хэнийг хэрхэн гомдоох учраа олохгүй хэцүүхэн байдалд орсон гэнэ.
Учир нь Засгийн газрын гишүүдийг хольж солих шахалтыг намын даргадаа УИХ-ын гишүүд өдөр бүр илэрхийлж, УИХ-ын гишүүд Засгийн газарт бага багаар шахалт үзүүлэх болов. Тухайлбал УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: УОК, ЭМЯ муу ажилласан. Омикрон аль эрт алдчихсан ч дээ гэх утга бүхий жиргээг өөрийн цахим хуудсанд байршуулав. Түүний энэ жиргээ нь цаад утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгч буй эмэгтэй гишүүдийн сануулга гэнэ. Эмэгтэй гишүүдийн зүгээс Засгийн газарт нэгээс хоёр сайдын суудал авахаар аман яриаг үүсгээд явж буй. Гэтэл Ерөнхий сайдын үг нь үйлдэлтэйгээ зөрчилдөж буй учир гишүүд бухимдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа мөн л давхар дээлний асуудлыг хөндөж, хүчгүй засгийн газар байгаагийн уршиг нь өнөөдрийн эдийн засгийн уналт гэх утгатай тайлбарыг хийж, Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэд шахалт үзүүлэв.
Энэ мэтээр УИХ-ын гишүүд алхам тутамдаа Засгийн газрын үйл ажиллагааг чимхэж, шууд Л.Оюун-Эрдэнэ муу ажиллаж байна. Тэр чадахгүй байна гэж хэлэхгүй ч чадахын тулд танхимаа хүчтэй, гишүүдээс бүрдүүл гэдэг шахалтыг өдөр бүр үзүүлж эхлэхээр боллоо.
Гэтэл нөгөө талд нь танхимдаа хэн хэнийг авч ажиллуулах вэ? тэгэхийн тулд үндсэн хуулийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг гол асуудал өмнө нь хана хэрэм мэт босчихоод байна. Иймээс л Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу улс төрчийн хувьд У.Хүрэлсүх гэдэг ахтайгаа нэн тэргүүнд учраа олох ёстой. Түүнтэй тохиролцож байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хөдөлгөх болно. Үүнээс гадна тооцоолол дотор тоо бодож суугаа хүн бол УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэр цэц хориг тавьсан нөхцөлд хүлээн авах эсэхийг шийдэх гол хүний нэг. Түүний халаасанд 10 гаруй гишүүний кноп байж байгаа. Наандаж л бүлэггүй болчихсон мэт харагдаж буй АН-ын бүлгийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх замаар АН-ын 10 гишүүний кноп Г.Занданшатарт байна. Үүнээс гадна өөрийн намын 10 гишүүн гэх юм бол 20 гишүүнээр кноп даруулах эрх мэдэл Г.Занданшатарт өнөөдөртөө байгаа шүү дээ. Иймээс Л.Оюун-Эрдэнэ заавал Г.Занданшатарын шахалтыг сонсч, тохиролцоонд хүрэх учиртай. Одоогоор тэд уулзаж ярилцсан ч урагштай шийдэлд хүрээгүй гэнэ.
У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газарт хэнийг хаана суулгах, хэрхэн удирдах тухайгаа Л.Оюун-Эрдэнэтэй хэд хэд зөвлөлдсөн. Гэхдээ шууд хүслээ хангаж чадаагүй л суугаа. Дүү нь хуучин шигээ ахынхаа үг бүрийг хүлээн авч, үг дуугүй биелүүлдэг цаг нь өнгөрсөн. Өөдөөс нь өөр тайлбар тавьж, бас өөр гарц гаргалгааг санал болгох замаар барьцаа ахиулж буй. Харин хуучин бурхи У.Хүрэлсүх бас буулт хийчихгүй. Иймээс л Л.Оюун-Эрдэнэ санасан бодсон бүхнээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Мэдээж хэрэг намын гал тогоог атгаж суугаа Д.Амарбаясгалан гэдэг хүн бас л Л.Оюун-Эрдэнэтэйгээ учраа олно. Гэхдээ тэд аль эрт учраа олж хэн хэнийг хэрхэн дамжих тохиролцоондоо хүрчихсэн гэнэ.
Цагаан сар, омикрон вирусын дуулианаар Үндсэн хуулийн цэц хуралдаж давхар дээлний асуудлыг шийдэх нь дээ. Ирэх 7 хоногт цэц хуралдаж болзошгүй гэнэ.