Улаанбаатар хотын утаа өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс нэмэгдэв. 2019,2020 оны өвөл Улаанбаатар хотын утаа эрс буурсан. Цэлмэг тэнгэр, цэлгэр агаартай өдрийн тоо нэмэгдсэн билээ. Харин 2021-2022 оны өвөл утаа улам ихсэв. Өмнөх он жилүүддээ эргээд очив. Утаа ихэссэн, утаатай өдрийн тоо нэмэгдсэн шалтгааныг дарга нараас асуухаар иргэн буруутай гэдэг үгийг хэлдэг болжээ.
Нийслэлийн засаг даргын орлогч нь шахмал түлш их түлж байгаа учраас Улаанбаатар хотын утаа ихэссэн гэдэг тайлбар өгсөн байх юм. Харин БОАЖ-ын сайд нь нүүрс 8000 төгрөг, шахмал түлш 1800 төгрөг болохоор шахмал түлшээ авч түлээд байна. Жилд хэрэглэж байгаа шахмал түлшний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс болж утаа нэмэгдсэн гэж хэлээд бас л иргэдийг буруутгажээ.
Уучлаарай дарга нараа: Утаа ихэссэн, Улаанбаатар эргээд угааранбаатар болсон буруутан нь иргэд биш. Тэр дундаа дулаан суух гэж гал түлж суугаа гэр хорооллын иргэн бүүр ч биш. Түүхий нүүрс түлэхгүй нь ойлгомжтой. Хямдарсан шахмал түлшийг чинь авч түлж байгаа нь бүүр ч ойлгомжтой. Харин утаа ихэссэн шалтгааныг түлшнээсээ та асууж үзсэн үү?
Таван толгой түлш ХХК нь шахмал түлшээ яг стандартын дагуу үйлдвэрлэж байгаа юу? Энэ талаар яагаад хэн ч юу ч ярихгүй байгаа юм вэ? Барьцалдуулагч бодисс нь чанарын шаардлага хангаж байгаа юу?
Эсвэл шахмал түлшний үйлдвэрлэлийн асуудалд хяналт тавих ёстой, тэр асуудлыг хариуцаж ажиллах ёстой дарга нар ажлаа хийхгүй байгаа юм уу?
Иргэд шахмал түлш биш өөр утаа их гаргадаг хог, түүхий нүүрс түлээд байгаа юм уу? Үүнд хяналт тавих ёстой дарга нар ажлаа хийхгүй байгаа юм биш биз дээ.
Бурууг бусдаас хайх шиг амархан зүйл үгүй. Харин буруутанг олоод алдааг засах үүрэг нь дарга нарын ажил. Хийнэ, чадна гэж ажил авсан бол иргэдэд бурууг бухаад суухын оронд ажлаа хий л дээ дарга нараа!!!
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг та нараас нэхэж байна. Нялх хүүхдээ тэвэрч, өвчтэй нь тэмцэж суугаа ээж нар, гэртээ агаар оруулж чадахгүй суугаа аав нар, гадаа гарч агаар амьсгалах гэхээр утаанаас айгаад гарч чадахгүй гэртээ суугаа хүүхэд багачууд дарга нараас бурууг хайж байна. Тэд та нар шиг гарч ирээд хэвлэл мэдээллээр буруутан нь дарга гэж хэлж чадахгүй л байгаа болохоос та нараас бурууг нэхэж суугаа шүү.