Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 29-р тусгай сургуулийн газрын маргааныг өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн засаг дарга С.Батболд тасалсан билээ. Нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх засаг дарга Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийг хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Хүчингүй болгох шалтгаан нь Төрийн байгууллагаас өөр нэг төрийн байгууллагад газар шилжүүлж болохгүй гэдэг үндэслэлийг тавьсан юм. Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшил газраас 900 м2-ыг нь хэрхэн яаж авах гэж байсан тухай олон нийт сонирхох болсон билээ. Тус сургуулийн 900 м2 газрыг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хүссэндээ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгчихөөгүй юм байна. Харин тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ш.Төмөрбаатарт хүсэлт тавьж байсан байх юм. Тодруулбал, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдах Нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээний барилга нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр баригдах тул газар өмчлөх эрхийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэр дээр гаргаж өгнө үү. Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээний барилгыг Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн газраас шилжүүлэн авсан газарт барих холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” хэмээн удаа дараа албан бичиг илгээж байсан байх юм. Одоогийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оло удаагийн хүсэлт бүхий албан бичигтээ зөвхөн 900 м2 газрыг л авах хүсэлтээ дахин дахин илэрхийлж байсан байна.
Иймээс л С.Эрдэнэ даргын хүсэлтийг Нийслэлийн удирдлага хүлээн авч 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр ийнхүү 143052/0126 18644312221705 дугаар бүхий 900 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Хачирхалтай нь тус хүсэлтийг нь хүлээн авч гарын үсэг зурсан тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар нь хууль журамд нийцсэн гэж үзээд бүхий л баримт сэлтийг үлдээсэн байдаг. Гэтэл олон хууль журмыг уг шийдвэр нь зөрчсөн болохыг өнөөдрийн Нийслэлийн удирдлага халаглан өгүүлж байна.
29-р сургуулийн газраас 900 м2 газрыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн хууль бус үйлдэл болжээ. Тодруулах юм бол Монгол Улсдаа ганцханд тооцогддог тусгай сургалттай сургуулийн эзэмшилд төрийн байгууллага оффистой болохын тулд ийнхүү газрыг нь авч байгааг нь хууль бус үйлдэл хэмээн хотын дарга С.Батболд үзэж энэ сарын 5-ны өдөр өмнө нь гарсан захирамжийг хүчингүй болгосон.
Тэрбээр газрын захирамжийг хүчингүй болгохдоо дараах хуулийг барьжээ. Тодруулбал, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Захирамжлах нь:
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газраас 900 м2-ыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлэхээр шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35.2-т заасныг зөрчсөн тул “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн А/937 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 10 дахь, Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуульд холбогдох 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай” хэмээсэн юм.
Хэрвээ Хотын даргын А/184 тоот бүхий захирамж энэ сарын 5-ны өдөр гараагүй бол өдийд Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барилгын ажил эхэлж Нийгмийн даатгалын байр нэртэй бас нэгэн хувийн хэвшлийн оффис сүндэрлэх байсан гэсэн болгоомжлол олон хүнд бий болжээ.
АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн “Нийгмийн хамгааллын төв”-ийн барилга баригдах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хүүхдийн паркийн газрын хойд булан, Хүүхдийн ордны зүүн хойд талын алга дарам газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барихаар газрын зөвшөөрлийг Төгс-эрдэм” сан ТББ-д 2010 оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 431 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд газар олгосон болохыг батламжилсан байдаг. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар “Төгс эрдэм” сан ТББ өмнө нь авсан ба 0,033 га талбайтай. Хачирхалтай нь уг газрын зөвшөөрөл дээр нэгэн шилэн барилга баригдангуут Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох сургалтын төвийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барих тухай шийдвэрийг 2010 онд Нийслэлийн засаг дарга гаргаж байсан байна. Ингээд л анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол олгох сургалтын төвийн зориулалттай газар Шонхор таур гэх шилэн барилга болж сүндэрлэв. Өнөөдөр Уг барилга нь Ардчиллын өргөө гэсэн хаяг зүүчихээд байж байгаа билээ.
Хүүхдийн гэх газраас хумслах гэсэн санаархал АН-ын даргад байгаа юм биш биз. Хэрэв тийм бол тэрхүү санаархлаа татахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын төлөөлөл хүсээд эхэлжээ. Монгол Улсад 110,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой 20 орчим мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдэд зориулагдсан тусгай 2 сургууль байдаг. Ийнхүү нэг сургуулийнх нь газарлуу атхаг санаатангууд өндөлзөх болсон учраас сургуулийн зүгээс уг газар дээрээ Хүүхдүүддээ зориулсан байгууламж барьж өгөхийг хүсэх болжээ.