Шинэ зүйл хоовгоныг нээсэн МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор Чулуунбатын Сувдцэцэг
Тэрбээр мөн аавынхаа нэрээр Дэлхийн шавжийн ангид шинэ зүйл бүртгүүлж амжсан нь бахархалтай. Багш Ч.Сувдцэцэг усны шавж судалдаг ба Хоовгоны баг (Insecta: Trichoptera)-ийн судалгааг нарийвчлан хийж АНУ-д магистрын зэрэг хамгаалсан юм. Магистрантурт суралцаж байхдаа Архангай аймгийн Цэнхэр сумын Нуурын хоолой гэдэг газраас усан дээр тэшиж гулгадаг зан төрхтэй шинэ зүйлийн хоовгоныг илрүүлэн тэмдэглэж Agrypnia (Agrypnetes) hayfordae Morse and Chuluunbat-2007 гэж нэрлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Chuluunbat гэдэг нэр нь шинэ нээлт хийсэн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор Ч.Сувдцэцэгийн аавынх нь нэр юм.
Дэлхий дээр 5 зүйлийн тэшигч хоовгон байдаг бөгөөд эдгээр нь бүгд нуурт тархалттай юм. Тухайлбал, Thamastes dipterus Hagen, 1858; Baicalina reducta Martynov, 1924 зэрэг 2 зүйл нь ОХУ-ын Байгал нуурт тархдаг; Anomalopterygella chauviniana (Stein, 1874) зүйл нь өмнөд Европын Альпийн нуурт; Limnoecetis tanganicae Marlier, 1955 нь Африкийн Танганьика нуурт; Limnephilus hovsgolicus Morse, 1999 зүйл нь Монгол орны Хөвсгөл нуурт тус тус тархалттай юм. Хоовгоны зургаа дахь тэшигч Agrypnia (Agrypnetes) hayfordae Morse and Chuluunbat, 2007 зүйл нь мөн адил Архангай аймгийн нуурт тархаж байна. Энэ шинэ зүйл нь Архангай аймгийн Тэрхийн Цагаан нуурт бас тархаж байгааг сүүлийн үеийн судалгаагаар нэмж илрүүлжээ.
Мөн суралцаж байх хугацаандаа Клемсоны Их Сургуулийн шавжийн цуглуулгын санд хадгалагдаж буй АНУ-ын Аляска мужаас цуглуулсан дээжээс шинэ зүйл илрүүлж Manophylax alascensis Chuluunbat and Morse, 2010 хэмээн нэрлэж Монгол хүний нэрээр буюу өөрийн нэрээр шинжлэх ухаанд тэмдэглүүлжээ. Одоо энэхүү судалгаагаа мөн үргэлжлүүлсээр л явна.
Аавынхаа нэрээр шинэ нээлтээ нэрлэсэн залуу докторт баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.
Шинэ зүйл олдсон Архангай аймгийн Цэнхэр сумын Нуурын хоолой гэдэг газар
https://www.youtube.com/watch?v=8Q2SghkciQg
Бэлтгэсэн: Т.Энхтөгөлдөрбаясгалан