Батсүмбэр сумын дотуур байранд амьдарч байсан 1 хүүхэд хоолны хордлогоор нас баржээ

Батсүмбэр сумын дотуур байранд амьдарч байсан 1 хүүхэд хоолны хордлогоор нас баржээ

 Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 сурагч хоолонд хордсон гэх мэдээлэл гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан мэдээллээр Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд СХД-ийн 9-р хороонд оршин суух айлын 4 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг юм байна. Тэд сумынхаа сургуулийн дотуур байрны өдөр оройн хоолноос идсэн гэх мэдээллийг өгчээ. 16 настай том хүү нь будаа нь сонин амттай байна гээд хоолноос нь идээгүй байна. Харин 3 бага хүүхэд нь хоолыг иджээ.

Гэтэл тухайн өдрийнхөө орой нэг хүүхэд нь гэдэс нь эвгүйрхэж халуурсан учир СХД-ийн эмнэлэгт үзүүлсэн байна. Тус дүүргийн эмнэлэг хүүхдийг үзээд халдварт өвчний шинж тэмдэг илэрч байна. ХӨСҮТ-д хандан үзүүлэхийг зөвлөсөн гэх мэдээллийг эмнэлгийн эх сурвалж өглөө. Гэтэл тухайн хүүхдийн ар гэрийнхэн ХӨСҮТ-д очиж үзүүлэлгүй шууд гэртээ авч очсон байна. Ингээд хүүхэд нь шөнө таталт өгч эмнэлэгт ирэх замдаа нас барсан гэх мэдээллийг өглөө.

Одоо 2 хүүхдийн хордлогыг тайлах эмчилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчилж байна. Халдварт өвчин судлалын төвөөс томилогдсон ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллахаар явсан байна. Хордлого чухам ямар хүнсний бүтээгдэхүүнээс гарсан эсэхийг тодруулах юм байна.

Мөн Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг томилогдон Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон дотуур байрны гал тогоонд шалгалт хийж, шинжилгээ авч байгаа юм.