Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өдөр бүр цочирдуулам нэмэгддэг боллоо. Ганц тор дүүргэхэд хорь, гучин мянга бус зуун мянган төгрөг л шаардлагатай болчихжээ. Ийм цаг үе байгаагүй юмсан гэх халаглал хаа сайгүй сонсогдож байна.
Хил нь хаагдаад хэдэн сар болов. Хил дээр ачаа тээврийн үнэ өсөхтэй зэрэгцэн иргэдийн гар дээр очдог бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсч байна. Үнэ нь нэмэгдээгүй бараа, бүтээгдэхүүн гэж алга. Жилийн өмнөх үнээсээ даруй 50 хувь цаашлаад хоёр дахин нэмэгдчихсэн бараа бүтээгдэхүүн олон болжээ. Үнийн өсөлтийг хазаарлах, хямгадах, инфляцийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд Засгийн газар арга хэмжээ авч ажиллаж чадсангүй ээ. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг Үндэсний статистекийн хороо 2022 оны 1 дүгээр сарын 22 өдрийн байдлаар гаргасан байна. Энэ линкээр орж http://taniltsuulga.ubstat.mn/une7.aspx хараарай.
Эндээс харах юм бол яг жилийн өмнөх үнэтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлэхүйц хэмжээнд дарамт бий болгожээ.
2021 оны 12 дугаар сарын байдлаар инфляцийн түвшин 13,4 хувь байлаа. Төгрөг үнэгүйдэж, түмэн тарчилж байхад Л.Оюун-Эрдэнийн засгийн газар олигтой санал санаачлага гаргасангүй. Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар бодлогын ажил хийсэнгүй.
Үндэсний гэх тодотголтой бүхий л бараа бүтээгдэхүүн өсчихөөд байна. Дотооддоо үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнээ өсгөхгүй байлгах тал дээр засаг төр нь ажиллахгүй бол иргэд нь ковидоор өвчилж, дархлаагаа дэмжиж чадахгүй сөхөрч мэдэхээр байна шүү Ерөнхий сайдаа!!!