Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулахгүй

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулахгүй

Ардчилсан намын дотоод сонгуулийн дараа Үндэсний бодлогын хороо хуралдаж Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг сунгаагаар тодруулна гэсэн хүлээлт үүсээд байв. Гэтэл энэхүү цаг хугацаа нь амжих боломжгүй болжээ. Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлаагүй байна. Зарлах хүртэл хугацаа орно. Тэгэхээр Үндэсний бодлогын хороо дор хаяж 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс цааш хуралдана. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийг улс даяар сунгаа явуулан зохион байгуулж амжихгүй.

Ардчилсан намын даргын сонгох сунгааг л гэхэд 45 хоногт зохион байгуулж байсан билээ. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дор хаяж 30 хоногт зохион байгуулж таарна. Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ улс төрийн нам 2017 оны 05 сарын 07 өдөр тодруулж Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдсэн байх сүүлийн хугацаатай. Иймээс Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмийг сунгаагаар тодруулах боломжгүй болчихлоо. Тэгэхээр тэдэнд ямар сонголт байна вэ?

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувьд 2 хүнийг 9-р их хуралдаа оруулж санал хураалгана гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа намынхаа зарим нөхдөд ярьсан байна. Гэтэл Ардчилсан намд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой 9 хүн байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд гэх мэтийг нэрлэж болно. Үүн дээр нэмээд Нийтэлч Баабар энэ өрсөлдөөнд орох тухай яриа гараад эхлэв. Нийтэлч Баабарын хувьд өнөөдөр Өдрийн сонинд ийм утга агуулга бүхий нийтлэл бичжээ. Гэхдээ түүний нийтлэл нь хэн дуртай нь Ерөнхийлөгчид өрсөлдөх санаагаа илэрхийлдэг болчихож. Бас хэн дуртай ч улс төрд орох гэж зүтгэдэг болжээ гэсэн санааг егөөдсөн өнгө аяс цухалзаж байлаа. Ямартай ч өөрөө өрсөлдөөнд нэгдэх эсэх эцсийн тайлбар бол биш.


Ардчилсан намын олон нэр дэвшигчдийг Үндэсний бодлогын хороонд л шигших нөхцөл байдал үүсэв бололтой. Үндэсний бодлогын хороо нь 388 гишүүнтэй. Эдгээрийг хэн хамгийн сайн хайрцаглаж чадна. Тэр л Ерөнхийлөгчид нэр дэвших боломжоо өвөртөлж чадна гэсэн хүлээлт үүсч эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө эрт зарласан Н.Алтанхуягын хувьд Дотоод сонгуульд амжилт муутай оролцсон. Түүний хувьд Алтан гадас фракцын толгой. Тус фракц Ерөнхийдөө намын үйл хэргээс хөсөр хаягдсан гэдэг нь өнөөдөр тодорхой болоод байна.


Р.Амаржаргалын хувьд шонхор фракцын дэмжлэгийг авах магадлал хамгийн өндөр. Түүний хувьд Шонхор фракцын дэмжлэгийг авчих юм бол Үндэсний бодлогын хорооноос сонгогдож гарах магадлал бий болно. Р.Амаржаргалыг баалах хэд хэдэн үндэслэл тус намыханд бий. Ялангуяа 2014 онд Н.Алтанхуягын засгийн газрыг огцруулсан гэм бурууг түүнд нааж өгнө. 


Дорлигжавын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өвөртлөх гэж байна гэсэн хардлага тус намынхны дунд хөвөрч эхэллээ. Үнэхээр ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжих магадлал маш өндөр. Гэхдээ Үндэсний бодлогын хороогоо хайрцаглах хэмжээнийх биш болов уу? Ц.Элбэгдорж өгсөх бүрт дагаж Төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан нэгэн бол Дорлигжав. Тэгэхээр түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэж Ардчилсан намынхан харна. 



Э.Бат-Үүлийн хувьд Үндэсний бодлогын хороонд хамгийн өндөр дэмжлэг авч сонгогдсон улс төрч. Түүнийг Нийслэлийн Ардчилсан намынхан дэмжих нь гарцаагүй. Үүн дээр нэмээд хэн ч захирагдахгүй Үндэсний бодлогын хорооныхон дэмжих боломжтой. Гэхдээ бас л хайрцаг тал дээр учир дутагдалтай нэгэн. Нийслэлийн засаг даргаар чамгүй сайн ажилласан. Гэхдээ бас бус хэл ам дагаж явааг тэр тооцож суугаа. Түүнийг чиглэн ирэх дайралт нь өнөөгийн эрх баригч намаас тасрахгүй. Тэгэхээр түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд дотоодын дайснаас гадна гадна талын хүчтэй дайсан нөлөөлөх болно. 



Г.Батхүүгийн хувьд МоАН фракцын төлөөлөл. Түүний хувьд дотоод сонгуульд чамгүй бэлтгэлтэй орсон гэх мэдээлэл бий. Тэгэхээр Үндэсний бодлогын хороонд хамгийн их нөлөөтэй байх магадлалтай. Ардчилсан намын гал тогоог атгаж байгаа С.Эрдэнэтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Үндэсний бодлогын хороонд өрнүүлж мэднэ. Тэгэхээр хайрцаглах боломж нь бусад нэр дэвшигчээс хамаагүй илүү.

Тэгэхээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнийг энэ сарын сүүлээр болох Ардчилсан намын бодлогын хорооны хурлаас анхаарч харах л үлдэж байна. Уг хурлаас гарсан шийдвэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө төрхийг тодорхойлчих болов уу. 9 хүн яригдаж байгаа ч гол өрсөлдөөн Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Г.Батхүү гэсэн хүмүүсийн дунд л өрнөх дүр зураг харагдаад эхэлжээ. Үүнээс хэн хэнтэйгээ илүү нягт холбоотой ажиллаж чадна. Тэр л ялалтыг өөртөө атгаж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоо авч үлдэх юм.