Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 110 дугаарт эрэмблэгджээ

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 110 дугаарт эрэмблэгджээ

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2021 оны дүнг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дэлхий нийтэд зарлав.

Үнэлгээгээр нийт 180 улс орны авлигын төсөөллийн индексийг боловсруулснаас 56 улс орон 50-аас дээш оноо авчээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдэж, 1 байраар урагшилсан байна.

“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас улс орны сүүлийн 10 жилийн үнэлгээг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнээд бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг сайшаажээ.

Монгол Улсын индексийг тооцоход нийт 8 эх сурвалжийг ашигласан бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа болон Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс тус тус өссөн байна.

“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас дэлхийн улс орнуудад хандаж “албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах” зэрэг 4 төрлийн зөвлөмжийг өгч байна.

Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог ба 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр юм.