Монголчууд нийслэл хотоо сэргээн тунхагласан өдөр

Монголчууд нийслэл хотоо сэргээн тунхагласан өдөр

Өнөөдөр Монгол Улсын нийслэлийн өдөр юм. Ингэж хэлэхээр олон хүн эргэлзэж, гайхах нь мэдээж. Сүүлийн 20 гаруй жил бид албан ёсоор жил бүрийн аравдугаар сарын 29-нийг Нийслэлийн өдөр хэмээн тэмдэглэх болсон учир аргагүй.  1924 онд болсон Улсын анхдугаар хурлаас Нийслэл Хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэсэн өдрийг огноолж 1996 оноос Нийслэлийн өдрийг ийнхүү намар аравдугаар сарын сүүлчээр тэмдэглэх болсон юм. Хэрэг дээрээ монголчууд 1924 оноос өмнө нийслэлээ зарлан тунхагласан бөгөөд Улсын анхдугаар их хурлаар нэрийг нь л сольсон төдий юм.

Тодруулбал, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Богд хааны зарлигаар Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн өргөмжилсөн ажээ. Энэ бол туурга тусгаар улсын хувьд төрийн хэргээ өөрсдөө толгой мэдэн шийдэх болсныг илэрхийлсэн чухал үйл явдал байв. Нэг ёсондоо монголчууд 200-гаад жил төр, шашны аливаа хэргийг шийдэхдээ Бээжингээс шууд хамааралтай явж ирснийг ийнхүү эцэс болгон, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Нийслэл Хүрээг зарлигаар зарлан тунхаглажээ. Ийнхүү тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны адилаар тусгаар улсынхаа нийслэлийг сэргээн зарласан түүхтэй.

1912 оны хоёрдугаар сарын 09-нд буюу тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Жавзандамбыг ширээнд нь залснаас яг 40 хоногийн дараа Их Хүрээг Нийслэл Хүрээ болгосон нь ямар ач холбогдолтой талаар Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар ийн өгүүлжээ.

“1995-1996 оны үед л нийслэлийн өдрийг анхдугаар Богдын өргөө байгуулагдсанаар тооцоод тэмдэглэх болсон. Үүнийг тайлбарладаг хүмүүс нь Өндөр гэгээний орд өргөөний дэргэд Баруун өргөө гэж байсан. Автай сайн хааны өргөө ч гэдэг. Тэр өргөөн дотор эзэн Чингисийн үеэс Түшээт ханыхны уламжилж бадрааж ирсэн гал голомт байсан. Тийм учраас Монголын төрийн голомт гэдэг утгаараа Өргөө бол нийслэл байсан гэж тайлбарладаг. Миний санал үүнтэй зөрдөг юм. Нийслэл гэдэг чинь өөр. Манай анхны нийслэл бол Хархорум. Монгол Улсын нийслэлийн түүх Хархорум байгуулагдсанаас л эхлэх ёстой. Хархорум хот Монголын эзэнт гүрний нийслэл байгаад Хубилай хааны үед нийслэл Хаан балгасун болж өөрчлөгдөөд, Хятад дахь Монголын ноёрхол унахад буцаад Хархорумд төвлөрсөн. Энэ нийслэл 1405 оны үед Мин улсын гуравдахь довтолгоонд өртөн оршин тогтнохоо больсон. Нийслэлийг маань сөнөөсөн.  Мингийн цэрэг Хархорумд босоо хана, амьд хүн бүү үлдээ гэдэг шийдвэртэй ирж газартай нь тэгшилсэн. Баахан ном судрыг нь Бээжин рүү аваачсан. Гэхдээ Монгол тусгаар тогтносон хэвээр байв. Гагцхүү суурин нийслэл байхгүй болсон тул 1634 он хүртэл Монголын хаадын орд өргөө төрийн нийслэлийн үүргийг гүйцэтгэж байсан. 1634 онд Лигдэн хаан нас барснаар хааны орд өргөө байхгүй болсон. 1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Баруун Монгол Манжийн мэдэлд орсон. Ингэснээр монголчуудын төвлөрсөн улс байхгүй болж Манжид эзлэгдсэн. Бид тусгаар тогтнолоо алдсан. Манжид дагаар орсноор нийслэл байхгүй болсон. Монголчууд Манж Чин улсын нийслэл Бээжингээс хамаардаг болсон. Бээжингээс Монголыг хамаардаг газар нь Улиастай байв. Тэнд Ар Монголыг захирах Манжийн засаг захиргааны төв байв. Дараа нь Ховдод, түүний дараа Хүрээнд Манжийн амбаны газар нээсэн. Эдгээр нь төр захиргааны удирдах дээд байгууллага биш, Манжийн төлөөний газрууд байв. Тэгэхээр Манжийн захиргааны төлөөний газар байсан Их Хүрээг нийслэлээ болгон сэргээн байгуулсан шийдвэр бол 1912 оны хоёрдугаар сарын 09-ний Богд хааны зарлиг”.