Улсын Их хурлаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгийн үед Улсын Их хурлын гишүүн Ж.Энхбаяр сангийн сайдаас Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой асуултыг асуусан юм. Тодруулах юм бол Засгийн газраас Эрдэнэтийн 49%-ыг төрд авч тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөлөл болгов. Тэгэхээр хувийн өмчийг төр авч байгаа нөхцөлд буцааж тэр талдаа мөнгө төлнө. Энэ мөнгийг төсвийн тодотголд яагаад тусгаагүй юм вэ? гэсэн асуултыг тодруулсан юм.
Харин Сангийн сайдын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ыг Төрд эргүүлэн авах ажил хэлэлцээрийн шатандаа яваа гэдэг тайлбарыг өгөв. Тэгэхээр Засгийн газраас хэлэлцээрээ хийж дуусаагүй хирнээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн төлөөллийг тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хөөгөөд гаргачихсан болж таарах нь.
Эрдэнэт үйлдвэрийг Оросын Ростех компаниас Монголын зэс” ХХК худалдан авахдаа 400 сая ам долларыг төлсөн. Энэхүү мөнгийг засгийн газар өгөх ёстой. Гэтэл засгийн газарт энэ мөнгө байхгүй. Тэгсэн хирнээ УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрыг хуралдааны шийдвэрийг биелүүлж байна гээд Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийг 100% төрийн төлөөлөл болгосон нь чухам ямар учиртай вэ? Хэлэлцээр хийж байгаа гэх хирнээ нөгөө талаа хөөгөөд гудамжинд гаргачихаад үйлдвэрт нь эзэн суучихдаг нь Монгол Улсын Засгийн газрын шийдэл юм гэж үү?