Камила Валиева: Сэтгэл санааны хувьд үнэхээр их ядарч байна

Камила Валиева: Сэтгэл санааны хувьд үнэхээр их ядарч байна

 
ОХУ-ын уран гулгагч Камила Валиева допингийн асуудал дэгдсэнээс хойш Оросын "Россия-1" сувагт анх удаа байр сууриа илэрхийллээ.
 
Тэрбээр, "Сүүлийн хэдэн өдөр сэтгэл санааны хувьд маш хүнд байлаа. Олимпыг үргэлжлүүлэх болсондоо баяртай байгаа. Гэвч сэтгэл санааны хувьд үнэхээр их ядарч байна. Энэ бол миний баяр баясгалан, бас харууслын нулимс байх. Би олимпын наадамд оролцож, эх орноо хамгийн сайнаараа төлөөлөхийг хичээж байгаадаа баяртай байна. Өөрийгөө төвлөрүүлж, бэлтгэлээ сайн хийж, сайн үр дүн үзүүлнэ гэж найдаж байна.
 
Би тэнд(шүүх хурал) 7 цаг суусан. Бид ердөө нэг удаа 20 минутын завсарлага авсан. Би зүгээр л тэнд суугаад харж байсан. Энэ бүхэн надад амаргүй байсан. Гэхдээ энэ бол миний туулах ёстой зүйл байсан гэж бодож байна.
 
Инстаграмаар олон хүн намайг дэмжиж, амжилт хүсэж, надад итгэж байгаагаа илэрхийлсэн. Москвад гудамжинд “Камила бид чамтай хамт” гэсэн самбар өлгөсөн байгааг харсан. Ийм хэцүү цаг үед надад ийм халуун дулаан дэмжлэг маш чухал байлаа. Дасгалжуулагчид болон миний эргэн тойрны хүмүүс бүгд намайг дэмжиж байсан. Би ганцаараа үлдэхвий гэдгээс айж байсан ч миний дотны хүмүүс намайг хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэж байсан" гэжээ.