Хөвсгөл нуурын бүсэд байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Хөвсгөл нуурын бүсэд байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган” Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төр болон ТББ-ын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг арилгах, экосистемийг алдагдуулахгүй байх, аялал жуулчлалыг бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх талаар хэлэлцэж гарц шийдлийг ярилцаж байна.  Чуулганы өчигдрийн салбар хуралдаануудаар экосистемийн хамгаалал, тогтвортой аялал жуучлалыг хэрхэн зохион байгуулж хөгжүүлэх, нуурын усны бохирдол, чанарын талаар илтгэлүүдийг сонсож хэлэлцүүлсэн. Өнөөдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, мөн хэлэлцүүлэн зөвлөмж гаргах юм.

Хөвсгөл далайн хувьд энэ оноос эхлэн нуур орчимд аялал жуулчлалын чиглэлээр шинээ газар олгохгүй байх, баазуудын нүхэн жорлонг устгах, газар олголтыг шалган дахин төлөвлөх зэрэг ажлыг хийхээр болоод байна. Эхний ээлжинд ирэх сарын 3-5-нд болох “Хөх сувд” мөсний баярыг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулна хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байна.

Газар олголтыг хянан шинжилж төлөвлөснөөр байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ.Хөвсгөл нуур орчмын бүсийн аялал жуулчлал дээр тодорхой төлөвлөлтийг хийнэ гэдгийг тэрээр мэдэгдэж байна. “Бид Хөвсгөл нуур орчмын газрыг, аялллын бүсийг Улаанбаатарын Нүхт болон Зайсангийн ам шиг хэн нэгэн хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нь барилга, орон сууцаар дүүргэж багширсан байдал үүсгэдэг шиг болгомооргүй байна. Өнгөрсөн хугацаанд замбраагүй олгосон газрын асуудлыг авч хэлэлцэн дүн шинжилгээ хийх ёстой гэж харж байгаа” гэв. Газар олголт дээр судалгаа шинжилгээ хийнэ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч ажиллахыг онцолж, хууль хяналтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар чиглэл өгсөн. Үүн дээр бид тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлж явуулна гэв. 

Хамгийн ойрын ажил гэвэл “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулахдаа нуурын мөсөн дээр машин, техник гаргаж зогсоохгүй байх, хогын цэгүүдийг олноор байгуулах,  зөвхөн био ОО-той аялал жуулчлалын газруудыг ажиллуулах зэрэг шаардлага тавьж байна гэв. Мөн Ханх боомт нээгдэж буйтай холбоотойгоор  ОХУ-аас жуулчдыг оруулж ирж авах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь энэхүү баярыг байгаль, эх дэлхийгээ хайрлах, Хөвсгөл нуураа хамгаалах зорилготойг хүн бүхэн мэдэрч тэмдэглэж байхыг зорьж байна. Энэ бүх бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотойгоор салбарын яамнаас Ажлын баг газар дээр очиж танилцаж ажиллаад ирсэн гэв.