УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар нь тойргийнхоо иргэдтэй бямба гариг бүр уулзаж, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл өгдөг уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандангийн дэнж” орчмын дэд бүтцийн асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газраас иргэдэд нэгдсэн нэг ойлголт бүхий мэдээлэл өгч, иргэд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, газар дээрээс нь бодит мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн нь энэ удаагийн уулзалтын онцлог байлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “НИТХ-д нэр дэвшээд явж байхдаа энэ тойрогт нэр дэвсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цуг иргэд сонгогчидтойгоо бямба гариг бүр уулзана гэсэн амлалтыг өгсөн. Үүнийхээ дагуу өнөөдөр 44 дэх удаагаа тойргийнхоо иргэдтэй уулзаж байна.
Бидний уулзалт иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг судлах, эндээс гарч буй санал, шүүмжлэлүүдийг хүлээж авах, аль болох тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох зорилготой юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу “Гандангийн дэнж”-д нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох албаны хүмүүсийг урьж авчраад дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.“Гандангийн дэнж” нь Монгол Улсын нийслэлийн шашин соёлын төв. Тиймээс уг газрыг хэвээр нь хадгалж үлдэх зорилготойгоор цаашид шашин соёлыг сурталчилсан томоохон төв болгохыг зорьж байна” гэв.
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Бид “Гандан” төсөлд шинэчилсэн нэг аргыг хэрэглэж байгаа. Энэ нь “Гандангийн дэнж”-д оршин сууж буй айлуудыг түр суух орон сууцанд оруулаад тухайн чөлөөлөгдсөн газарт төсөл шалгаруулж, аж ахуйн нэгжүүдийн хэлэлцээр хийж буй явдал юм. Эхний ээлжид Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Орхон”-ы 3 гудамжны нийт 68 өрхийг энэ төсөлд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 30 хувь буюу 17 өрх газраа чөлөөлөөд түр суурьших байрандаа нүүж орсон байгаа. Уг газрыг хөгжүүлснээр жуулчид автобустайгаа ирээд төв хаалган дээр буугаад буцаж суухдаа баруун тал буюу “Модны 2” талын хаалганаас унаандаа сууна. Энэ хооронд 280 м газрыг алхаж, замдаа байгаа худалдаа үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх, бэлэг дурсгалын зүйлээ худалдан авах боломж бүрдэх юм. Мөн энэ нь хуучны Хүрээ гудамж гэж нэртэй газар шүү дээ.
Ийнхүү Гандангийн нэг хэсэг газрыг чөлөөлж аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Харин нөгөө хэсэгт нь дэд бүтэц татаж амины орон сууцны хороолол болгон тохижуулах ажлыг иргэдтэй хамтран Нийслэл хийхээр төлөвлөөг гаргажээ. Өмнө нь 2013 онд Гандангийн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг хийж байсан. Гэвч Гандангийн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь газраа чөлөөлж орон сууцанд орохыг хүсэхгүй байгаа билээ. Иймээс дахин шинэ төлөвлөгөө боловсруулж амины орон сууцны жишиг хороолол болгох юм байна.