ОХУ: БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээг ирэх 3-5 жилийн дотор 100 сая тонн болгоно

ОХУ: БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээг ирэх 3-5 жилийн дотор 100 сая тонн болгоно

ОХУ БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж, ирэх 3-5 жилд 100 сая тонн хүргэнэ гэж тус улсын Эрчим хүчний яам мэдээллээ.

БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2021 онд 324 сая тонн нүүрс импортоор авчээ. Үүний 17.5 хувь буюу 57 сая тонныг нь ОХУ-аас авчээ. Жил ирэх тутам БНХАУ-ын ОХУ-аас авах нүүрсний хэмжээ нэмэгдсээр байгааг “SXCoal”-ийн мэдээллээс харж болохоор байна.

Украин, ОХУ-ын харилцаа хурцадсан энэ үед эрчим хүч, түүхий эдийн үнэ хаашаа чиглэх нь олон улсын анхаарлын төвд байна.

ОХУ-ын нүүрсний нөхөн сэргээгдэх нөөц нь 157 тэрбум тонн буюу дэлхийн нөхөн сэргээгдэх нөөцийн 17.2 хувьтай тэнцэж байна. Мөн дэлхийд нүүрс олборлолтоор зургаадугаарт, экспортын хэмжээгээр гуравдугаарт ордог байна.

Энэ утгаараа аливаа хориг арга хэмжээнээс гарах үр дүн нь нүүрсний зах зээлд нөлөөлөхөөр байгаа юм. Тухайлбал: ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хий тасалдвал нүүрсний хэрэглээ өсөж, үнэ нь ч дагаад өсөхөөр байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногт Европт эрчим хүчний нүүрсний үнэ 25 хувиар өсжээ. Европ тивийн хувьд Азийг бодвол байгалийн хий, газрын тос, нүүрсний нийлүүлэлт нь ОХУ-аас хараат. Хэрэв нөхцөл байдал улам даамжирвал ОХУ-ын нүүрсний экспорт Ази руу чиглэх магадлалтай байна.

Өөрөөр хэлбэл Азид нийлүүлэлт нэмэгдвэл нүүрсний үнэ буурч, харин Европт өсөх хандлагатай болоод байна.