Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг. Улмаар асуудал тулгарахад болчимгүй үйлдэл хийх эрсдэл бий. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл судлаач ажиллуулах хэрэгтэй.Хамгийн сүүлд 115-р сургуулийн 12-р ангид сурдаг байсан 2 охин амиа хорлосон. Шалтгааныг нь цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээллээр тэд онц сурлагатай, сайн хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Ар гэрт нь асуудал үүссэн гэх мэдээлэл өгсөн. Ямар ч шалтгаантай байсан сэтгэл зүйн тогтворгүй байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв сургуульд нь сэтгэл судлаач ажилладаг бол эрсдэлээс хамгаалах боломж байсныг сэтгэл судлаач сануулж байна. Тодруулбал өсвөр насныханд асуудал тулгарахад эцэг эх багшаасаа эмээх нь их. Улмаар үе тэнгийнхэндээ ханддаг. Зөвлөгөө өгч байгаа хүн нь өөрөө сэтгэл зүйн тогтворгүй учраас тийм ч сайн зөвлөгч болж чаддаггүй. Иймээс хэт сэтгэл хөөрөлд автсан өсвөр насны хүүхэд амиа хорлох эрсдэлтэй алхам хийх магадлал тун өндөр байдаг байна.
Энэ талаар сэтгэл судлаач Н.Должин дараах тайлбарыг өглөө.
Судалгаагаар 3-4 хувийн сургууль сэтгэл судлаачийн орон тоотой байдаг. Түүнчлэн гадны байгууллагын хөрөнгө оруулалтаар захын хорооллын 20 орчим улсын сургуульд сэтгэл судлаач ажиллаж байна. Эдгээр сургуулиуд дээр судалгаа хийхэд хүүхдүүд хоорондын маргаан эрс багассан. Түүнчлэн сэтгэл судлаачид сайн дураараа хандах сурагчдын тоо нэмэгдэх болжээ. Энэ бүхэн нь нийгмийн нөхцөл байдал, өсвөр насны хүүхэд хоорондын харилцаа, эцэг эхийн хараа хяналт зэргээс үүдэн сэтгэл судлаачдын орон зай Ерөнхий боловсролын сургуулийн орчимд их болсон гэдгийг харуулж байгаа юм. Эдгээр 25 орчим сургуулиас бусад нь нийгмийн ажилтнаар сэтгэл судлаачийн үүргийг гүйцэтгүүлдэг. Гэвч бодит байдал дээр сурагчид нийгмийн ажилтныг ярилцагч, хамтрагч гэж харахаас илүүтэй дүрэм журмын биелэлтийн шалгагч гэж харах нь элбэг. Түүнчлэн ганцхан нийгмийн ажилтан 400-600 хүүхэдтэй ажиллахад хүндрэлтэй. Тиймээс сургууль бүрт сэтгэл зүйчийн орон тоог бий болгох хэрэгтэй гэдгийг өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох гэсэн оролдлого бүхий үйлдлээс харагдаж байна гэж сэтгэл судлаачид дүгнэж байна. Амиа хорлох оролдлогуудын 22 хувь нь 15-17 насныхан, 12 хувь нь 17-18 насны хүүхдүүд байна. Иймээс өсвөр насны хүүхэд амиа хорлох оролдлого хийнэ гэдэг нь тэдний орон зайд асуудлыг нь сонсч, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх хүн алга гэсэн үг. Үүнийг гэрчлэх нэгэн тоо баримт нь 70 орчим хүүхэд амиа хорлох эрсдэлтэй алхам хийсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа юм. Өсвөр насны хүүхдийн сэтгэл санаа хэт тогтворгүй хэдий ч гэнэтхэн хормын дотор амиа хорлох үйлдлийг хийдэггүй. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ анхаарал сайн хандуулах, санаа сэтгэл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж байх нь зүйтэй. Мөн нөгөө талдаа сэтгэл судлаачтай ярилцаж, асуудлыг нь шийдвэрлэх боломжийг олгох нь зөв гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.