Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн Ж.Эрдэнэбатын засгийн газраас хариуцлага нэхэх болжээ. Энэ хүрээндээ зарим нэг сайдыг нь огцруулах байдлаар сануулга өгөх тохиролцоог хийж эхэлсэн байна. Тухайлбал Батлан хамгаалахын сайдыг огцруулах сөрөг хүчний санаачлагыг МАН-ын 10 орчим гишүүн хоёр гараа өргөн дэмжиж болзошгүй нөхцөл байдал үүсэв.
Яг үүнтэй зэрэгцээг 116-р сургуулийн багш, сурагчид, Хараагүйчүүдийн Үндэсний холбооны төлөөлөл БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах хүсэлтийг гишүүдэд хаяглах болжээ.Тэдний хувьд БСШУ-ны сайд Ж.Батсуурийг 116-р сургуулийг яамныхаа харьяанд авах хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэвч хүлээн аваагүй учраас ийнхүү хариуцлага нэхэхээр болсон байна. Энэ талаар хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл дараах тайлбарыг өглөө.
Нийгмээс ирж байгаа сөрөг хандлага гэх үндэслэлээр БСШУ-ны сайдыг огцруулах магадлал маш өндөр гэсэн мэдээлэл байна. Угаасаа БСШУ-ны сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр хоёр нэг нэгнээ дэгээдсэн байдалтай удаж байгаа. Хэн хэн нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд орчихсон. Мөн яамныхаа харьяа бүх их дээд сургуулийн удирдлагыг солих гэж зүтгэж эхэлсэн. Ингэхдээ ч албан тушаалын төлөөх тэмцлийг өвөр түрийндээ мэр сэр зарлав. Иймээс л БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах санаачлага боловсролын салбараас гарсан нөхцөлд дэвэрч, хаврын түймэр адил салбарт нь тархах магадлал маш өндөр байна. Энэ нөхцөлд нэгэнт Засгийн газрын сайд нараас шүд сугалж, үйл ажиллагааг нь доголдуулахыг хүсч байгаа сөрөг хүчний улс төрчид, мөн эрх баригч МАН-ын улс төрчдийн хувьд том олз болох нь гарцаагүй. МАН-ын угшилтай 10 гаруй Улсын Их Хурлын гишүүд Ж.Эрдэнэбатын засгийн газрын хийсэн ажил, хэрэгжүүлэх гэсэн бодлого, сайд нарынх нь хэлсэн үг бүрт өшөөрхөж, өөдөөс нь буруутгаж байгаа. Энэ бүхний цаана эрх баригч намынхан нэгэн ойлголцол дор нэгдэж чадахгүй байгаагийн тод нотолгоо юм аа.