Батлан хамгаалах салбарыг өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүлж байна. Түүний хувьд Үндэсний бөхөөр барилдаж байхдаа цэргийн цол авсан нэгэн. Энэхүү цолондоо дулдуйдсан уу? Эсвэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчтэй хүч тэнцвэргүй тулаанд орсон амжилтаа үнэлүүлж сайд болсон уу? Аль ч байсан өнөөдөр Батлан хамгаалахын салбарыг өөд нь татах үүрэг түүнд оногдсон. Гэвч тэр энэхүү үүргээ биелүүлж чадаагүй. Чадаагүй гэдгийг нь өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан гишүүн ундуйцан ярьж байгаа юм. Мэргэжлийн засгийн газраас төсөв оруулж ирдэг. Тэр болгонд Батлан хамгаалах салбарын төсөв хасагдчихсан явна. Сайд нь энэ бүхнийг хамгаалах чадамж алга. Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа албан хаагчдын ажлын онцлог, амьдралын түвшин зэргийг Батлан хамгаалахын сайд огт мэдэхгүй байна гэхэд болно гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үнэлэлт дүгнэлт өгч сууна.
Эх сурвалж: NTV-Үндэсний мэдээ
Батлан хамгаалах салбарын сайдтай хариуцлага тооцох нэг үндэслэл нь төсөв тануулсан явдал. Хэдийгээр улс орон хямралтай байгаа ч салбарын онцлог, нөхцөл байдлаа мэдэрч төсвөө хамгаалж үлдэх үүрэг нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ эрхэмд байв. Гэтэл тэр тэгж чадсангүй. Төсөв нь бага, бэлтгэл сургуулилалт хийхэд хангамж муу зэргээс үүдэн цэргийн албан хаагчдын амь нас эрсдэх эрсдэл үүснэ. Ийм шалтгаанаар ч батлан хамгаалах салбарын 2 цэргийн албан хаагч бэлтгэл сургуулилалт хийж байхдаа амиа алдан байхыг үгүйсгэх аргагүй. Энийг мэргэжлийн газар нь яг одоо шалгаж байна. Шалгалт дуусаагүй.
Тэгэхээр 350-р цэргийн ангийн 2 албан хаагч амиа алдсан хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа гэсэн үг. Харин батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийг нь чиглэн ирж байгаа дайралтаас зугтаж эхлэв. Тэрээр хариуцлага хүлээх тухай ярихын оронд доод албан тушаалтантай хариуцлага тооцох талаар л ярьж явна. Үнэн хэрэгтээ өөрөө үлгэрлэж, өрөөл бусдад хариуцлага тооцох тухай өгүүлэх учиртай. Гэтэл түүнд тийм хүсэл, бас зориг алга.
Тэгэхээр 350-р цэргийн ангийн 2 албан хаагч амь насаа алдсан хэрэгт Батлан хамгаалахын сайд хамаагүй. Харин тэр ангийн захирагчийг томилсон ЗХЖШ-ын дарга Даваа хамаатай. Бүр цаашлах юм бол ЗХЖШ-ын дарга Даваад цол өгч албан тушаалд хүргэсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж буруутай гэсэн ойлголтыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гаргачихлаа.
Сайд буруугүй, Ерөнхийлөгч буруутай гэдэг логикийг ийнхүү Батлан хамгаалах салбарт гаргах нь. Гэхдээ Батлан хамгаалахын сайд буруутай гэдгийг УИХ-ын гишүүд хэлээд байна. Тэр наанадаж л салбарынхаа төсвийг тануулж, гадаадад сураад ир гэж үүрэг өгч явуулсан албан хаагчийнхаа тэтгэмжийг хассан буруутай гэж Ж.Энхбаяр гишүүн хэлээд байна.