Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нэр дэвшин Ерөнхийлөгч болоод 8 жилийг үдэж байна. Түүний орыг залгах магадлал МАН-ын нэр дэвшигчид 50+ байна гэхэд болно. Харин ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд чансаатай, асуудалд нэр холбогдоогүй, нэр цэвэр эрхэм биш л бол Ерөнхийлөгч болох магадлал маш бага. Учир нь орон нутгийн сонгуулийн бүх хэсэг хороонд МАН ноёрхоно. МАН бүх эрх мэдлийг гартаа атгачихсан сууж байна. Мөнгө тус намынхан дунд л эргэлдэж эхэллээ. Ийм нөхцөлд Ардчилсан намаас хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ?
Э.Бат-Үүлийн хамгийн том зорилго энэ.
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нэгэн. Түүний хувьд нэр нь яригдаж байгаа улс төрчдөөсөө олон нийтээс өндөр үнэлгээ авах улс төрчийн нэг. 2012-2016 оны хооронд Улаанбаатар хотыг сайн удирдсан. Гэхдээ бас арыг нь ухаад асуудлыг нь олоод гаргаад ирж мэдэхээр баримтыг МАН-ынхан аль эртнээс цуглуулаад эхэлсэн гэх юм билээ. Ийм нөхцөлд түүнийг хууль хүчний байгууллага ороогоод эхэлж болзошгүй. Саяхан ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална гэх нэр бүхий нөхөд АТГ-д Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нарыг шалгуулахаар өгсөн. Өнөөдөртөө л лав АТГ-аас ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Өгөөгүй шалтгаан нь МАН-ын удирдлагаас ирэх чиглэлийг хүлээж байж болзошгүй. МАН-ын нэр дэвшигчийн хамгийн их айж байгаа улс төрчийн нэг бол яах аргагүй Э.Бат-Үүл.
Р.Амаржаргалд олдох ганц боломж
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал. Түүний хувьд сүүлийн 20 орчим жил УИХ-ын гишүүн гэхээс өөр сэтэр наагаагүй. Иймээс түүний хувьд нэр нь арай л цэвэр гэх хандлага нийгэмд байдаг. Гэхдээ нам дотроо тэр нэр цэвэр гэх алдрыг хүртэж чадахгүй. Багаар тоглож сураагүй. Бүлэг фракцын нэгдлийг зангидах чадвар дутмаг. Иймээс Үндэсний бодлогын хорооноос гарч ирнэ гэдэг тун маруухан. Түүнийг гаргаад ирэх ганц л найдвар байгаа нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ. Түүний хувьд Р.Амаржаргалд боломж олгох уу эс олгох уу гэдгийг л шийднэ дээ.
Н.Алтанхуягт боломж бараг л харагдахгүй байна
Н.Алтанхуяг хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хүч үзнэ гэж тайлбар өгсөн. Гэвч энэхүү тайлбар нь зүгээр л салхинд хийсч байх шиг байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Үндэсний бодлогын хороонд Алтангадас фракцын төлөөлөл маш бага орсон. Иймээс түүнийг сонгогдоод гараад ирнэ гэдэгт итгэх хүн тун ховор байна. Гагцхүү түүний хувьд МоАН фракцынхантай гар нийлэх аваад боломж нь нэмэгдэнэ. Гэхдээ МоАН фракцын төлөөлөл энэ сунгаанд оролцохоор зэхээд байгаа.
Л.Болд хэдийгээр нэр дэвших тухай ярьж байгаа ч татгалзах магадлалтай
УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа түүний хувьд Ардчилалд анхнаас нь зүтгэсэн улс төрчдийн нэг. Гэхдээ тэглээ гээд түүнийг түмэн олон төдийлөн сайн мэдэхгүй. Ардчилсан намынхан бол мэднэ. Гэхдээ Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх хэмжээнд үнэлэхгүй л болов уу. МоАН фракцын дэмжлэгийг тэр авах нь гарцаагүй. Гэхдээ тохиролцооны үндсэн дээр өөр хэн нэгнийг энэ фракц дэмжих байх. Учир нь тус фракцаас хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэгдэж байсан Г.Батхүүгийн нэр сүүлийн үед дуулдахаа болив. Тэгэхээр МоАН фракц өөр нэг нэр дэвшигчийг дэмжих байр сууриас оролцохоор болсон бололтой.
Д.Дорлигжавт мөрөөдөл л байгаа
Ерөнхийлөгчийн засаглал ярьж олны хараанд өртөхийг хүсч байгаа нэгэн бол Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав. Түүний хувьд намаасаа дэмжлэг авч дөнгөхгүй. Ерөнхийлөгчид өрсөлдөх мөрөөдөлтэйгөө л үлдэх хүний нэг нь гээд дүгнэхэд хатуудсан болохгүй. Хэдийгээр түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжинэ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ боломжгүй зүйл. Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг илүүтэй хүлээх улс төрч нь Э.Бат-Үүл.
Х.Баттулгад саад болох асуудал нь их
МоАХ фракцын төлөөлөл. Шинээр байгуулагдсан Үндэсний бодлогын хороонд хүчтэй баг бүрдүүлж чадсан юм билээ. Түүний хувьд уг бүтцийг атгахыг хүссэн нь Дотоод сонгуулиас нь харагдсан. Тэгэхээр түүний зорилго Ерөнхийлөгчид нэр дэвших байжээ. Саяхныг хүртэл энэ тухай огт яригдаагүй. Гэтэл тэр гэнэт ийм зүйл хийгээд эхэллээ. Гэхдээ АТГ дээр байгаа олон асуудал нь түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг нь хазаарлаж таарна. Өнөөдөр олон хүн Нүүрсний зах зээлд Монгол улс өрсөлдөгч болж чадахгүй байгаагийн гор нь Х.Баттулга гэгчийг Төрөөс баримтлах төмөр замын бодлогын алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Ийм нөхцөлд тэр олон эсэргүүцэлтэй тулж таарна.
Горьдлого тээгчид Ардчилсан намд арав биш хорь, гуч байна. Харин өөрийгөө л голохгүй байгааг нь гайхаад баршгүй. Тэдний хувьд нийт Монгол улсын сонгогчдод үнэлэгдэх чадалтай гэдэгтээ өөртөө л итгэж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ өнөөдрийн Ардчилсан намд лидерийн орон зай дутагдаж байна. Тус намд ядаж л намаа толгойлчих том улс төрч алга. Ядаж л хэлсэн үг бүр нь түмэн олонд үнэ цэнэтэй тусчих чадмаг улс төрч алга. Бүгд л хэсэгхэн бүлэгт таалагдах хэдэн арван улс төрчид болжээ. Нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэмлэлдэхдээ сайн, хэрүүлээр л улс төр хийдэг Ардчилсан намаас Ерөнхийлөгчид горилогч нарт үнэндээ найдлага алга.