Чөлөөт бүсийн захирагчид чөлөөт бүсээ хөгжүүлэх бус харин чөлөөт бүсийг нь тоож орж ирсэн хэдэн компаниудтайгаа "үзэлцээд” эхэлдэг. Байнгийн дарамт шахалт энд л гардаг. 500 га газартай гэх "Алтанбулаг” чөлөөт бүс нь төсвөөс авсан 35 тэрбумын 77 хувийг нь залгисан.
Өнгөрсөн хугацаанд 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 13 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэх. Шадар сайдтан ганц ч гэсэн гялайх зүйл хэлэх гэсэндээ "...Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24,6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэв. Гэтэл тэнд үйл ажиллагаагаа хэвийн явагдах боломж бүрэн бүрдээгүй. Орсон компаниуд нь чөлөөт бүсийн захиргааны зүгээс дарамт шахалтанд өртсөөр байна. Үүнийг одоогийн удирдлага нь ч үргэлжлүүлсэн. Тэдний ганц дарамталдаг зүйл нь газрын зөвшөөрөл агаад "Эрэл” компаний жишээн дээр үүнийг өгүүлж болно. Тус компани нь нь 2014 оны 12-р сард барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхээр 7000 м.кв газрыг гэрээлэн авч чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар газар эзэмших эрхтэй болжээ. Гэтэл хоёрхон жил ч болоогүй байхад шинээр ирсэн захирагч П.Тогтохбаяр захирамж гарган дээрх газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцалжээ. Компанийхан хөөцөлдөж байх хооронд азаар ахин захирагч солигдож шинээр ирсэн үүрэг гүйцэтгэгч П.Мөнхбат нь өнгөрсөн оны сонгуулийн дараахан газрын зөвшөөрлийг нь сэргээн хөрөнгө оруулалтын гэрээг нь хүчинтэй болгожээ. Гэтэл тэр сайн даргын оронд ирсэн Ж.Амаржаргал гэдэг орлон гүйцэтгэгч нь дахин "Эрэл” компаний газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах захирамж гаргасан байна.
Энэ бол төрийн байгууллага эрх мэдлээрээ далайлган хувийн хэвшлээр хэрхэн "тоглож нааддагийн” тод жишээ юм. Энэ хугацаанд чөлөөт бүсийн захирагч дөрвөн удаа солигдсон. Тэр дөрвөөс хоёр нь газрын зөвшөөрөл өгсөн бол хоёр нь цуцалсан байна. Шинээр ирсэн захирагчийн гол хийдэг ажил нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг гарын арван хуруу шиг хэдэн компаниудыг шалгаж шалгаах явдал болсон. Ирсэн даруйдаа бүх компаниудаас газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад зөвшөөрөл гээд баахан бичиг баримт л нэхдэг. Компаниудын хувьд энэ нь жинхэнэ аймшиг бас шаналал болдог нь бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг явдал юм. Гэтэл бүх бичиг баримт нь ном журмын дагуу байсаар байтал газрын зөвшөөрлийг нь цуцладаг. Зөвшөөрлөө ахин сэргээх гэж заргалдаж байх хооронд шинээр захирагч томилогдож ирдэг гээд ийм л нэг "чөтгөрийн тойрог” одоо ч тасралтгүй үргэлжилсээр байна. Газрын зөвшөөрөл цуцлагдах бүрийд авлигалын нууц асуудал яригддаг тухай хэл ам өмнө нь гарч байсан. "Эрэл” компаний тухайд зөвшөөрлөө зохих журмын дагуу авсан байхад илт хууль бусаар цуцалжээ. Тус компаниас захирагчид гаргаж өгсөн материал нь 66 хуудас байсан. Чөлөөт бүсэд чөлөөтэй ажиллахын тулд ийм олон хуудас бичиг баримт бүрдүүлж байгаа нь чөлөөт бүс гэдэг нэрэндээ таарах уу Шадар сайд аа... Компаниуд чөлөөт бүсийн захирагчтай "учраа олох” гэсээр байгаад хийж бүтээх хөгжүүлэх үнэт цаг боломжоо алдсаар байна. Эсвэл "учраа ололцох” нь захирагч нарын гол хийдэг ажил болсон уу... Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцэх үеэр дүгнэлтэнд нь "зоримог” алхам хийх хэрэгтэй гэж бичсэн байсан гэнэ. Зоримог алхам гэдгийг ахин их хэмжээний хөрөнгө оруулалт нэхсэн хэрэг гэж тайлбарлаж болмоор... Гэхдээ тэр их хөрөнгө нь дахин Замын-Үүдэд элсэнд булагдахгүй Алтанбулагт "учраа ололцох” зардалд үрэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн олон удаа шадар сайдын алба хашсаны хувьд У.Хүрэлсүх нь үр дүнгүй зарцуулагдсан 35 тэрбумын төлөө зохих хариуцлага хүлээх учиртай.
Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бүс хөгжүүлэх нэрээр Улсын төсвөөс 174 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч үр дүн нь хашаа тойруулан хатгасанаас өөр шид алга. Энэ хугацаанд газрын төлбөрөөс 24 тэрбум төгрөгийг хураасан гэж Шадар сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн нь ганцхан гялтайх жишээ нь бололтой.
Эх сурвалж: нууц.мн