200-2004 оны үед Монгол улсын засаг захиргааны бүхий л удирдлагад өнөөдрийн МАН-ын төлөөлөл сууж байв. Тухайлбал Нийслэлийн засаг даргаар Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд ажиллаж байсан билээ. Тэрээр 2000-2005 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа олон газрын зөвшөөрлийг аж ахуйн нэгж, хувь хүнд өгсөн байдаг.
Эдгээрээс өнөөдөр сонирхол татаж, хуулийн зөрчилтэй гэгдэх 2 газрын зөвшөөрөл нь асуудлыг дагуулсаар байдаг юм.
2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар Нийслэлийн засаг дарга М.Энхболдын захирамж бүхий газрын гэрчилгээ авч байжээ. 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга М.Энхболд “Глоб кредит” компанид Баянгол дүүргийн VI хорооны нутаг, “Улаанбаатар палас”-ын зүүн урд талд 2568 метр.кв талбайтай газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгож байсан байна. Тухайн үеийн Нийслэлийн засаг дарга М.Энхболд даргын 541 тоот захирамж бүхий газар эзэмших 048570 тоот гэрчилгээг “Глоб кредит” компанид олгож байсан байна. “Глоб кредит” компани тус газарт 362 айлын орон сууц барьж, 2007 онд ашиглалтад оруулахаар байрныхаа нэг метр.кв-ыг 399 ам.доллараар үнэлж иргэдээс захиалга авч байсан тухай баримт байдаг. Гэвч яг тэр үед Хадгаламж зээлийн хоршооны шил дарсан дампуурал эхэлж, тус компаний үүсгэн байгуулагч Ж.Мэндбаярыг баривчилсан байдаг юм. Глоб кредит” Хадгаламж зээлийн хоршооны шүүх хуралдаан болж Ж.Мэндбаярын ялын тогтоолд “...Орон сууц нь улсын экспертизээр батлагдсан зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүй байхад...” гэдэг өгүүлбэр бий. Тэгэхээр тухайн үеийн Нийслэлийн засаг дарга М.Энхболд хууль зөрчиж 2568 метр.кв газрыг олгосон байх магадлалтай гэсэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэхэд болно.
Газрын зөвшөөрлийг хууль зөрчин олгосон гэж шүүх үзсэн хэрнээ уг газрыг буцаан Нийслэлийн мэдэлд авалгүй Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд өгчихсөн байдаг. 2009 онд Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанаас тус газрыг дуудлага худалгаагаар борлуулж 101 сая төгрөгөөр нэгэн барилгын компани авсан байдаг. Төв зам дагуу байрлалтай, Нийслэлийн А зэрэглэлийн бүсд байрлах тухайн газрыг дуудлага худалдаанд оруулахдаа Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанаас 1 метр кавдрат газрын үнийг ердөө л 29,900 төгрөгөөр тогтоож байсан байх юм.
Гэтэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 1 метр кавдрат газрыг хамгийн багадаа 100,000 төгрөгөөр тогтоож байгаа шүү дээ. Дэд бүтэц очоогүй газар ийм үнэтэй байхад Нийслэлийн А зэрэглэлийн бүсийн газар маш хямдхан үнээр худалдаагдсан гэсэн үг.
Зөвшөөрөл олгохоос эхлээд л маргаан нь эцэслэгдээгүй энэхүү газрын асуудлыг өнөөдөр ч Нийслэлээс шийдвэрлэж нэг талд нь гаргаагүй байна.
Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлжээ. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг байна. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй аж. Дуудлага худалдаа явуулаагүй учир хууль зөрчиж газар олгосон гэж захирамжийг нь 9 жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож, 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан түүхтэй.