Facebook, Twitter-т үзэл бодлоо бичээд 10-100 сая төгрөгөөр торгуулна

Facebook, Twitter-т үзэл бодлоо бичээд 10-100 сая төгрөгөөр торгуулна

-ГҮТГЭХ ЗҮЙЛ АНГИД ХЭТ ӨНДӨР ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БУЙ НЬ ЗӨВ ҮҮ-

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нийтлэг байдлаар баривчлах, их хэмжээний мөнгөн дүнгээр торгох чиглэлд хэтэрхий хатуу заалтууд оруулсан явдалд шүүмжлэлтэй хандсан юм. Мөнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр ажлын хэсэгт багтсан Х.Нямбаатар, Н.Учрал нарын гишүүдийг “Амьдралд нийцэхгүй хатуу заалтууд оруулсан байна. Хэдий мэргэжил дөхүү ч эд бол залуу хүмүүс. Х.Нямбаатар өмгөөлөгч, Н.Учрал хуульзүйн сургуультай хүн. Эрх ашгийн зөрчил ч үүсэх магадлал бий. Энэ хатуу заалтууд чинь эргээд, намын нэр хүнд унагана”  гэхчилэн шүүмжлэх гишүүд ч гарчээ.

Түүнчлэн байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих боломжтой болох нь. Ажлын хэсгээс гүтгэх зүйл заалтыг 2-20 сая хүртэлх төгрөгөөр торгохоор зааж өгөөд байсан билээ. Ц.Гарамжав гишүүний энэ саналыг ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд байгаа энэ үед намынхаа нэр дэвшигчийг муулуулахгүй байх, хэвлэл мэдээллийн байгууллагад шууд хаалт хийх үйлдэл гэж тайлбарлах үндэслэл ч байгаа юм. Зөрчлийн хуулиар шийтгэгдэн, торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчлахаар зааж өгчээ. Торгуулийн хэмжээг Зөрчлийн тухай хуульд ингэж үнэмлэхүй байдлаар нэмэгдүүлж, торгуулиа төлөхгүй бол саатуулах арга хэмжээг авахаар тусгаж өгч буй нь хэтэрхий өрөөсгөл байгаа талаар олон нийт шүүмжилсээр байна.

Ийнхүү МАН-ын зүгээс эрх барьж байх хугацаандаа өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй, бусдаар муу хэлүүлэхгүйн тулд Эрүүгийн болон зөрчлийн хуульд хатуу заалт оруулж хамгаалалт үүсгэхээр улайрч эхэллээ гэхэд болно. 

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЭЭГҮЙ БОЛ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

Зөрчлийн тухайн хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.

  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.

  • Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.

  • Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.

  • Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25 мянган төгрөгөөр торгоно.

  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин мянган төгрөгөөр торгоно.

-ХОГ ХАЯГДЛЫГ ИЛ ЗАДГАЙ ШАТААСАН ИРГЭНИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

  • Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.

  • Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.

  • Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.

  • Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг сая төгрөгөөр торгоно.

  • Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно.

Ж.МЯДАГБАДАМ

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN