Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой гэдгээ хамгийн түрүүнд Н.Алтанхуяг зарлаж байв. Үүнээс хойш Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Б.Батбаяр, Э.Бат-Үүл, Л.Болд нар илэрхийлээд байгаа. Тэгвэл өнөөдөр албан ёсоор дахин нэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй. Намынхаа их хурлаар дэмжлэг авахын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Энэ хүн бол УИХ-ын гишүүн асан, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан, Хүн хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга юм. Түүний хувьд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурдсан байна. Х.Баттулгын хувьд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ гэсэн бодолтой байна гэжээ.
Х.Баттулгын хувьд 2016 оны Улсын их хурлын ээлжит сонгуулиар амжилт олж чадаагүй. Өөрийнхөө дархан тойрогт өвдөг шороодож, унасан билээ. Жижиг тойргоос сонгогдож чадаагүй хүн Улсаас сонгогдож дөнгөхгүй гэсэн шүүмжлэл ч Ардчилсан намын зарим гишүүдийн дунд гараад байгаа.
Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч гэхээс өөр сэтэргүй үлдсэн түүнд айдас бий. Учир нь Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгсдийг Авлигатай тэмцэх газар хоргоох болоод чамгүй удаж байна.
Х.Баттулгын багийн хэд хэдэн хүнийг төмөр замын асуудлаар буруутган шалгах болсон билээ. Тухайлбал Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа ба түүний нөхдөд үүсгэсэн хэрэг юм. Энэхүү хэрэг нь Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын асуудал юм. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулснаар манай улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тн-д хүргэхээр төлөвлөж байсан гэдэг. Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан боловч эрхийг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-д авч өгсөн юм. Ингээд тус компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C &T”, “SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах болжээ. Одоо энэ замын газар шорооны ажил л 80 хувьтай байгаа гэлцдэг. Үүнд “Чингис” бондоос гаргасан 200 сая ам.долларын зарцуулалтыг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой ч гэж бичигддэг юм.