МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ. Бага хурал нь 310 гишүүний бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн хугацаанд хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой талаар тус нам судалгаа хийжээ.
Ирэх сарын 3-нд хийх бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Тиймээс судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийднэ гэсэн мэдээллийг гаргаад байна.
Олон судалгааны дүнгээр тус намаас хамгийн өндөр магадлалтай хүн нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэж гарч ирсэн. Гэхдээ тус намын зүгээс Ц.Нямдоржид итгэл хүлээлгэх эсэх эргэлзээтэй. Харин намынхаа дарга М.Энхболдын чанар чансаа, боломжийг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй ажиллахаар болсон байна. Энэ ч утгаараа тус намын удирдах зөвлөлөөс бага хурал хүртэлх хугацаанд МАН-ын муулуулахгүй байх. Мөн намынхаа даргын рейтингийг өсгөх тал дээр анхаарахаар болсон гэнэ.
МАН-ын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нэг л хүний нэрийг бага хуралдаа оруулна. Бага хурлын гишүүд заалнаас хүн дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг тус намынхан хийж эхэлсэн байна.
М.Энхболдын хувьд 2016 оны сонгуулийн дараагаас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхэлсэн. Түүний хувьд албан бусаар сонгуулийн штабаа нам дээрээ байгуулчихсан гэхэд болно. Хэвлэл мэдээллийн хүчтэй баг бүрдүүлсэн. Мөн нөлөөллийн олон баг бүрдүүлчихсэн сурталчилгаагаа ил, далд хэлбэрээр явуулсаар байна.
Харин 5 сарын 3-нд болох бага хурал нь М.Энхболдын замыг засч, ерөөлийн үг хэлж, ялалтын хундага өргөх төдий ёслол болж өнгөрөхөөр зураглалыг нь бичиж эхэлсэн байна.