Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч 785 иргэнийг дээрх санал асуулгад оролцсон иргэдээс мөн санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.
Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн.
Тэрбээр, “Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж,Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.
Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хэсэг хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.
Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна.
Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна” гэлээ.
Зөвлөлдөх уулзалтын хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар даргалан явуулах бөгөөд нээлтийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалсан юм.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв нь “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” байв.
Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй.
Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна гэлээ.
Сэдвийн хүрээнд дараахь саналуудыг дэвшүүлж байгаа аж.
Санал 1.1: Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
Санал 1.2: Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
Санал 1.3: Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах.
Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу? Энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү? Энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ? гэсэн асуудлыг хэсэг тус бүр ярилцах юм байна.
Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар хэлэлцэх юм байна.
Нэгдүгээр сэдвийн танилцуулгын дараа анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дурсгалын зураг авахууллаа.
Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулах юм