Газар ашиглах эрхийг цуцлах албан бичгийг хотын даргад хүргүүлжээ

Газар ашиглах эрхийг цуцлах албан бичгийг хотын даргад хүргүүлжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр  /2022.04.14/ нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичгийг хүргүүллээ.

Тодруулбал, Хүүхэд залуучуудын соёл амралтын усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх "Эм Энд Жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.

Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хагаалаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу "ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН" ХХК-д олгосон газрыг цуцлах тухай албан бичгийг хүргүүлэв.