Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн “баруун гар” гэгддэг Н.Батаатай холбоотой хачин жигтэй мэдээллүүд хэвлэлүүдээр гарах боллоо. АН эрх барьж байх үед нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр ажлаа аваад удаагүй байхдаа “Усан спорт, сургалтын төвийн эзэмшил газарт хог хаясан” хэмээн буруутгагдаж “Иргэний хөдөлгөөний” Г.Арслантай арсалдаад авсан. Хэзээний заргач Г.Арслан ч энэ тухай сэтгүүлчдэд ярихдаа “Н.Батаагийн амьдардаг гурван давхар орон сууц тус төвийн зүүн урд байдаг юм байна. Би энэ газрын даргаар томилогдоод таван сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд манай эзэмшил газар болох явган хүний зам, шатан дээр гурван давхар шар, зургаан давхар улаан байрны оршин суугчид хогоо асгасаар байгаа. Би хэн ямар учраас бүдүүлэг загнаад байгааг мэдээгүй. Хаясан хогийг байрных нь үүдэнд овоолчихсон юм. Тэгтэл Н.Батаа над руу утсаар ярьж "Хог асгаад намайг өдөөд байна уу. Би тэр байранд амьдардаг" гэж загнасан. Тэгээд л хотын орлогч даргынх хогоо ил задгай, гудамжинд хаяж байгааг мэдсэн. Иргэддээ "Хогоо ил задгай хаяж болохгүй шүү" гэчихээд хотын орлогч дарга өөрөө хашаа давуулаад шидчихэж болохгүй байх. Тиймээс л дуугүй өнгөрч чадаагүй юм” гэж байсан нь 2013 онд болсон явдал. Н.Батаатай холбоотой мэдээллүүд ингээд дуусахгүй.
Өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлд нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Батаа албан тушаалаа хэрхэн урвуулан ашиглаж байсан талаар тодорхой баримтуудыг дэлгэжээ. Тухайлбал, zaluu.com зэрэг зарим вэбсайтад:
Баримт 1. Э.Бат-Үүлийн үед нийслэлд хийсэн бүтээн байгуулалтын нэг нь Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбож, төмөр замын доогуур жижиг тэрэг явган зорчигчдод зориулсан гарам барьсан. Нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийсэн энэ ажлын өртөг нь 4.3 тэрбум төгрөг бөгөөд энэ хүрээнд 1.5 км авто зам, мөн 58 уртааш метр замын байгууламж, төмөр замын доогуурх 22 м тунелийн ажил хийгдсэн байдаг. Харин энэ замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хотын орлогч дарга асан Н.Батаа томилохдоо өөрийн худ Бат-Очирын охин, “Гашууны гол” ХХК-ийн захирал Б.Индраг оруулсан байна. Хэдийгээр энэ ажлын гүйцэтгэгч нь О.Наранбаатар захиралтай "Оч Наран" ХХК гэж байгаа ч Үнэлгээний хороонд худынхаа охиныг оролцуулна гэдэг цаанаа ашиг сонирхол хадгалж байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Учир нь “Гашууны гол” өөрөө бас автозамын барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани.
Баримт 2. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн Баатархайрханаас мөн дүүргийн нутаг, олны нэрлэдгээр Гахайн хороо хүртэлх зам засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа үнэлгээний хороог томилсон хотын орлогч дарга асан Н.Батаагийн худ Бат-Очирын охины “Гашууны гол” ХХК-ийг сонгон шалгаруулсан байдаг. Энэ ажлыг нийслэлийн төсвийн 300 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сард нээлтийг нь хийж байжээ.
Баримт 3. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн орлогч дарга Н.Батаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын Богинын аманд өөрийн өмчлөлийн зуслантай. Харин тэр зуслангийнхаа байшин руу нийслэлийн төсвөөр санхүүжүүлэхээр 1.6 км засмал замын шинэчлэлт хийлгүүлжээ. Ингэхдээ зам барих ажлыг “ХАКМС” ХХК-аар гүйцэтгүүлэхдээ хуульд заасан концессын сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр шууд гэрээ байгуулж, Засаг дарга Э.Бат-Үүл гарын үсэг зуржээ. Энэ гэрээ мөн л 2016 оны сонгуулийн өмнөхөн гарын үсэг зурагдсан байдаг тухай мэдээлсэн байна.
Дээрх мэдээллүүдээс хотын орлогч дарга асан Н.Батаагийн Яргайтын Богинын аман дахь зуслангийн байшин руу засмал зам тавьж байгаа гэх мэдээлэл анхаарал татав. Угтаа энэ зам Н.Батаад зориулан тавьж байгаа зам биш. Гэтэл нийслэлийн төсвийн санхүүжилтээр тавьж буй 1.6 км зам Н.Батаагийн зуслангийн байшин хүрмэгцээ дуусч, цааш шороон зам үргэлжлэхийг юу гэж ойлгох вэ. Ямартай ч ойр хавийнхан нь “Н.Батаагийн зам” гэж нэрлэсэн энэ замын учрыг хотын экс орлогч өөрөө л тайлбарлах ёстой. Хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан барилгын ажлын гүйцэтгэл нь 60 хувьтай байгаа замыг нийт 1.6 тэрбумын төсөвт өртөгтэй тавих болсон шалтгааныг ч хотын экс орлогчоос асуумаар санагдана. АН нийслэлийг удирдаж байхад төсвийн мөнгө нэг бол даргын хүүг эрхлүүлэх хэрэгсэл, аль эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний зуслангийн байшин хүртэлх зам болон хувирч байсан нь арай л хэтэрсэн хэрэг бус уу.
эх сурвалж: analiz.mn