Монгол улс, Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийн тухай

Монгол улс, Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийн тухай

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 3 дугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд дүгнэж, үр дүнг дараахь байдлаар үнэлэв. Хөтөлбөрт тусгагдсан заалтууд үндсэндээ бүрэн хэрэгжсэн байна. Үүнд:

НЭГ.  УЛС ТӨР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА,

  1. УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА

Дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ, Гадаад харилцааны сайд нарын уулзалт тогтмол хэрэгжиж, Парламент болон Парламент дахь найрамдлын бүлгүүд, хоёр талын яамд, агентлаг хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөв. 2020 оноос дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр төлөвлөж байсан зарим арга хэмжээ хойшлогдсон хэдий ч талууд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Гадаад харилцааны сайд нарын цахим уулзалтыг амжилттай зохион байгуулав.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард тус тус уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт 2019 оны 10 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сард Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцов.

2017 оны 7 дугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Тусгай элч, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши оролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 3 дугаар сард, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад айлчилж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад хэргийн сайд Т.Коно нартай тус тус уулзав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо, 2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо, 2019 оны 8 дугаар сард АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Бангкок хотноо уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Т.Мотэги нар 2020 оны 5 дугаар сард утсаар ярив. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги нар 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар 2021 оны 12 дугаар сард цахим уулзалт хийв.

 (2)  Хоёр улсын Парламент болон Парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга T.Оошима тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард тус тус Монгол Улсад айлчлав. Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сард, Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад тус тус айлчлав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Японы Парламентын бүлгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар 2019 оны 9 дүгээр сард Япон Улсад ажлын айлчлал хийв.

2017 оноос хойш  хоёр талаас тус бүр 30 орчим Парламентын гишүүн харилцан айлчилж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэв.

(3)  Гадаад харилцааны яам хоорондын уулзалт, яриа хэлэлцээ

Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо болов.

(4)  Хоёр улсын яамд, агентлаг хоорондын хамтын ажиллагаа

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Япон Улсын Статистикийн товчоо хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт тусгагдсаны дагуу хоёр тал төлөөлөгчдөө харилцан солилцов.

Хоёр улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар болон Япон Улсын Шударга худалдааны хороо хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлаг хооронд 2017 оны 3 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан, албан хаагчид Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн Глобал санхүүгийн төв (GLOPAC)-ийн сургалтад 2017-2021 онуудад хамрагдав.

Япон Улсын Ерөнхий хэргийн дэд сайд К.Харада 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын техникийн 7 дугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 5 дугаар сард Токио хотноо болов.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид Япон Улсын Сангийн яамны Татварын газраас хэрэгжүүлсэн “Гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтад 2017 оны 6 дугаар сард хамрагдав.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Япон Улсын Зам, тээврийн яамны харъяа Тээврийн аюулгүй байдлын зөвлөл хооронд 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах чиглэлээрх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Хоёр улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалт 2017 оны 12 дугаар сард Токио хотноо болов.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 4 дүгээр сард Япон Улсад болсон Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцож, энэ үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Като-той уулзав.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2018 оны 4 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг Токио хотноо байгуулав.

Монгол Улсад 2018 оны 7 дугаар сард болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын V бага хурал”-д Япон Улсын ЗГХЭГ-ын дэд сайд Ж.Акама оролцов.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид 2018 оны 8 дугаар сар, 2019 оны 10 дугаар сард Токио хотноо Япон Улсын Хууль эрх зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан Арилжааны хуулийн асуудлаарх хамтарсан семинарт оролцов. 3 дахь удаагийн хамтарсан семинарыг талууд 2021 оны 5 дугаар сард цахимаар зохион байгуулав.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дарга болон ажилтнууд 2019 оны 1 дүгээр сард Токио хотын шүүхийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2019 оны 4 дүгээр сард “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” Токио хотноо байгуулав.

Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны Хууль зүйн хүрээлэн хооронд 2021 оны 8 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд 2018 оны 12 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулав.

Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 12 дугаар сард, 13 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 2 дугаар сард, 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 12 дугаар сард тус тус зохион байгуулав.

2. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

Тус салбар дахь хоёр улсын холбогдох байгууллага хоорондын уулзалт, яриа хэлэлцээ өргөжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Тухайлбал, Япон Улсын Батлан ​​хамгаалах яамны зүгээс хэрэгжүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх дэмжлэгийг “япон хэв маягийн, нарийн аргачлалд суурилсан хөтөлбөр” гэж монголын тал өндрөөр үнэлэв. Талууд тус хөтөлбөр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төлөвлөж байсан зарим арга хэмжээ хойшилсон боловч хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын цахим уулзалтыг зохион байгуулж, талууд хамтран ажиллахаа нотлов.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1) Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Япон Улсын Батлан хамгаалахын сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Мөн сайд нар 2020 оны 6 дугаар сард цахим уулзалт хийв.

(2) Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо, V зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 4 дүгээр сард Токио хотноо зохион байгуулав.

(3) Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Японы Өөрийгөө хамгаалах хүчин 2017 оны 7-8 дугаар сар, 2018 оны 6 дугаар сар, 2019 оны 6 дугаар сард тус тус оролцов.

(4) Монгол Улсаас Япон Улсын Үндэснийн Батлан хамгаалах академийн сургалтад өнөөг хүртэл нийт 87 оюутан хамрагдаад байна.

(5) Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн  дараах сургалтыг зохион байгуулав. Үүнд:

Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд 2017 оны 8-9 дүгээр сар, 2018 оны 4 дүгээр сар, 7-8 дугаар сар, 2019 оны 4-5 дугаар сар, 8-9 дүгээр сар, 2021 оны 8-9 дүгээр сард Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт хэрэгжүүлэв.

Монгол Улсын цэргийн эмч нарыг онцгой байдлын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтад 2018 оны 2-3 дугаар сард, онцгой байдлын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ, КОВИД-19 халдварын үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх цахим сургалтад 2021 оны 8 дугаар сард хамруулав.

3. БҮС НУТАГ, ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “Стратегийн түншлэл” бэхжив.

Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээний олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тохиров. Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д нэгдэх эрмэлзлийг Япон Улсын Засгийн газар дэмжив.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээний олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох анхдугаар уулзалтыг 2021 оны 10 дугаар сард цахимаар зохион байгуулав.

(2) Япон Улсын Засгийн газар Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэн орохыг дэмжив. Цаашид яриа хэлэлцээний бүхий л механизмаар дамжуулан бүс нутагт зохих үүрэг гүйцэтгэхэд японы тал Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

(3) Японы тал “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын ээлжит бага хурлуудад төлөөлөгч оролцуулав.

Уг бага хуралд 2017 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки, 2018 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын зөвлөх Т.Шимизү, 2019 оны 6 дугаар сард ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын зөвлөх М.Тамүра нар тус тус оролцов.

(4) Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулав. Үүнд:

Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт II уулзалт 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо, Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт III уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо, Монгол Улс, Япон Улс, АНУ-ын гурван талт IV уулзалт 2020 оны 1 дүгээр сард Вашингтон хотноо тус тус зохиогдов.

(5) Гамшгаас сэргийлэх салбарт дараах төслийг хэрэгжүүлэв. Үүнд:

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос 2019 онд хэрэгжүүлэв. Тус төслийн 2 дугаар шатыг 2021-2025 онд хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Ховд аймаг дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгаас хамгаалах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх төсөл”-ийг 2017-2022 онд хэрэгжүүлж байна.

Дэлхийн банкны шугамаар “Орон нутгийн иргэдийн зуд болон ой хээрийн түймрийн эсрэг арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 онд хэрэгжүүлэв.

ТББ-ын үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийн шугамаар “Зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ” төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгав.

(6) Халим агнуурын тогтвортой ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа

Талууд халим болон загас агнуурын нөөцийн тогтвортой ашиглалтыг дэмжих байр суурь баримталж, холбогдох олон улсын хуралд оролцох зэргээр олон улсын тавцанд хамтран ажиллаж ирсэн.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Япон Улсын Засгийн газраас Төсвийн дэмжлэг хэлбэрээр олгож буй иенийн хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын Засгийн газрын төсвийн шинэчлэлд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг болов.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн  зэрэг салбарт, мөн орон нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэв.

Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны гол яриа хэлэлцээний талбар болох “Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт”-ын механизм зэрэгт тулгуурлаж хоёр улсын эдийн засгийн харилцаа, түүний дотор хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэв.

Япон Улсын дэмжлэг туслалцаатайгаар үйл ажиллагаа явуулж буй гурван “Коосэн”-д бэлтгэгдэж буй шилдэг инженер, техникийн ажилтнууд нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж үйлдвэрийн салбарыг бэхжүүлэх, төрөлжүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг тус салбарын хүний нөөцийг бэлтгэх орчинг бүрдүүлэх, Япон Улсад суралцуулах зэрэг хэлбэрээр үзүүлж байна.

1 Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх, Монгол Улсын макро эдийн засгийг тогтворжуулах, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд дараах дэмжлэг үзүүлэв. Үүнд:  

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд талууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд:

Монгол Улсад төсвийн дэмжлэг хэлбэрээр иенийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, мөн сардаа японы тал 32 тэрбум иенийг монголын талд шилжүүлэв.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нэн хөнгөлөлттэй нөхцлөөр КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл олгох тухай Солилцох ноот бичигт талууд 2020 оны 10 дугаар сард гарын үсэг зурж, 12 дугаар сард японы тал 25 тэрбум иенийг монголын талд шилжүүлэв.

 

Мөн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд:

  • “Макро эдийн засгийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2019 оны 12 дугаар сард эхлүүлэн 2022 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • “Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2019 оны 2 дугаар сард эхлүүлэн 2023 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь төслийн 2-р шат”-ыг 2017-2020 онд хэрэгжүүлэв.
  • “Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 оны 1 дүгээр сард эхлүүлж 2023 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

(2)  Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийг хэрэгжүүлэх  чиглэлд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:

ЭЗТХ-ийн хамтын ажиллагааны асуудлаарх Хамтарсан дэд хорооны анхдугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо  зохион байгууулав.

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын ажилтнууд 2017 оны 6 дугаар сард Японы Гаалийн хамтын ажиллагааны газрын шугамаар “Гаалийн үнэлгээ” сэдэвт сургалтад  хамрагдав.

(3)  Төр, хувийн хэвшлийн хамтарсан VIII зөвлөлдөх уулзалт 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо, IX зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сард Токио хотноо  болов.

(4)  Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдыг сургалтад хамруулах чиглэлд ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд:

  • ”Хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, хяналтын тогтолцооны чадавхыг дээшлүүлэх төсөл”-ийг  2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.
  • ”Хөрөнгийн зах зээлийн дүрэм, журам, хяналтын тогтолцооны чадавхыг дээшлүүлэх төсөл 2”-ийг 2019 оны 3 дугаар сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.
  • “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл-2”-ийг 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

(5)  Нийгмийн хамгааллын салбарт ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд:

  • “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард хэрэгжүүлэв.
  • 2021 оны 3 дугаар сараас эхлүүлсэн “Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх  төслийн 2-р шат”-ыг 2024 оны 3 сар хүртэл хэрэгжүүлнэ.
  • “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард хэрэгжүүлэв.
  • 2021 оны 2 дугаар сараас эхлүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2025 оны 1 дүгээр сар хүртэл хэрэгжүүлнэ.

Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрүүл мэндийн салбарын технологийг олон улсад нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос 2020 онд 11 төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлэв. Нийт 45 эмч, эмнэлгийн ажилтныг Япон Улсад, орон нутгийн 950 эмч, эмнэлгийн ажилтныг цахимаар болон танхимаар сургалтад хамруулав.

Монголын аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд японы тал дараах дэмжлэгийг үзүүлэв. Үүнд:

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онд хэрэгжүүлж байна.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол дахь гурван “Коосэн”-д судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх болон сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж байна.

Монгол дахь гурван “Коосэн”-ий төгсөгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын хүрээнд Японы “Коосэн” сургалтын системийг Монголд нэвтрүүлэх хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв дэх бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурь, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэв. Мөн уг төслийн хоёрдугаар үе шатыг 2020 оны 4 дүгээр сараас эхлүүлж, 2025 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичиг”-т талууд 2017 оны 12 дугаар сард гарын үсэг зурав. Уг санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажил хэргийн түвшний уулзалтыг 2018 оны 5 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сар, 11 дүгээр сард тус тус хийв. Мөн Монголын дадлагажигч ажилтан илгээгч байгууллагуудад зориулсан семинарыг  хоёр тал 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд:

  • “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 6 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.
  • “Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон автозамын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг 2019 оны 4 дүгээр сараас 2023 оны 3 сар хүртэл хэрэгжүүлнэ.
  • “Ашигт малтмалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013-2022 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв. Мөн ЖАЙКА-ийн сургалтын хүрээнд “Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг 2015-2019 онд хэрэгжүүлэв.

Азийн хөгжлийн банк, “Нихон шинтакү” сангийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2015 оны 10 дугаар сараас эхлүүлэн 2019 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЖАЙКА-ийн “Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд:

  • “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, хөрс сайжруулах технологи нэвтрүүлэх замаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сард хэрэгжүүлэв.
  • “Зөгийн аж ахуйг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сард хэрэгжүүлэв.
  • “Зөгийн аж ахуйн хөгжлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 12 дугаар сард хэрэгжүүлэв.

ЖАЙКА-ийн сэдэвчилсэн сургалтын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, молекул биологийн болон хүнсний нэмэлтэд хийх шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сард зохион байгуулав.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Мал эмнэлэг,  мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2014 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв. Мөн “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадварыг бэхжүүлэх төсөл”-ийг 2020 оны 6 дугаар сараас 2025 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа-САТРЕПС”-ийн шугамаар Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах төсөл”-ийг 2014 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлэв.

ЖАЙКА-ийн “Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд “Шинэ брэнд ургац (сонгино) тариалалтаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, хүнсний нэмүү өртгийн сүлжээ байгуулах төсөл”-ийг 2020 оны 10 дугаар сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөгийн сүлжээний мастер төлөвлөгөөний төсөл”-ийг 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол оронд тохиолддог адууны ям, сүрьеэ өвчинтэй тэмцэх арга боловсруулах төсөл”-ийг 2020 оны 6 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчин монголчуудын уламжлалд суурилсан бэлчээрийн ургамлын үр ашигтай хэрэглээг хөгжүүлэх замаар бэлчээрийг сэргээх төсөл”-ийг 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

3  Эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэх чиглэлд дараах алхмууд хийгдэв. Үүнд:

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент” төслийг хамтран хэрэгжүүлэх “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК- болон “Жапан эйрпорт менежмент” ХХК хооронд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” байгуулсны дагуу Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК байгуулагдав. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл 2019 оны 7 дугаар сард концессын гэрээнд гарын үсэг зурав.

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил 2020 оны 4 дүгээр сард дуусч, 2020 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч КОВИД-19 цар тахлын улмаас нээлтийн ажиллагаа хойшлогдсон. Онгоцны буудлын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сард эхлүүлээд байна.

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сард хэрэгжүүлэв.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-тай байгуулсан “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллав. Хэлэлцээрийн хүрээнд гурван зээлийн гэрээ байгуулагдав.

Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 11 дүгээр бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сард, 12 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 12 дугаар сард, 13 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 2 дугаар сард тус тус зохион байгуулсан. 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 12 дугаар сард цахим хэлбэрээр хийв.

Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 11 дүгээр удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтын мөрөөр мөнгөн усны эсрэг авах арга хэмжээний талаар хамтран ажиллах, нүүрсний зуухнаас ялгарах мөнгөн усны бохирдлыг судлах, мөнгөн усны хор хөнөөлийг таниулах мэдээлэл бэлтгэх ажлыг  2018 онд хэрэгжүүлсэн.

Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын 12 дугаар бодлогын зөвлөлдөх уулзалтын мөрөөр Улаанбаатар хот орчим болон Монгол Улсын хэмжээнд нүүрсхүчлийн хийг хэмжих хиймэл дагуулын мэдээллийг ашиглан (GOSAT) нүүрстөрөгч ялгарлуулалт болон метаны хэмжээний харьцуулсан судалгаа болон технологийн чадавхыг дээшлүүлэх ажлыг 2018 оны 12 сараас 2021 оны 3 сард хэрэгжүүлэв.

Хоёр улсын Засгийн газар хоорондын “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ийн Хамтарсан хорооны V хурлыг 2017 оны 10 дугаар сард, VI хурлыг 2018 оны 11 дүгээр сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав.

ХКОМ-ын хүрээнд нарны цахилгаан станцын төсөл болон өндөр үр ашигтай нам даралтын зуухны системийг суурилуулах төсөл зэрэг нийт 5 төслийг хэрэгжүүлээд байна.

Өндөр үр ашигтай нам даралтын зуухны төвлөрсөн системийг суурилуулах, шинэчлэх төслийг 2014 оноос хэрэгжүүлж байна.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийг 2017 оны 11 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сард хэрэгжүүлэв.

Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам хоорондын Цэвэр нүүрсний технологийн талаарх хамтын ажиллагааны санамж бичигт тулгуурлан 2017 оны 6 дугаар сард Японы нүүрс-химийн салбарын мэргэжилтнүүд Монголд томилолтоор ирж ажиллав.

Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам болон Олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (IIST)-гээс “Хоккайдо, Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол, Хоккайдогийн бизнес форум”, Монгол, Хоккайдогийн хувийн хэвшил хоорондын “бизнес матчинг” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2017 оны 9 дүгээр сард, 2018 оны 9 дүгээр сард тус тус зохион байгуулав.

Хоёр улсын ноос, ноолуурын холбоод хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт 2016 оны 8 дугаар сард гарын үсэг зурав. Тус санамж бичигт тулгуурлан японы тал манай улсад мэргэжилтэн илгээх, ноос, ноолуурын салбарын мэргэжилтнүүдийг хүлээн авч дадлага хийлгэх, олон улсын үзэсгэлэнгийн үеэр сурталчилгааны ажил зохион байгуулах зэргээр хамтран ажиллав.

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх хүрээнд хоёр улсын засгийн газраас дараах арга хэмжээг зохион байгуулав. Үүнд:

  • Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсны 1 жилийн ойн семинарыг Улаанбаатар хотноо 2017 оны 7 дугаар сард зохион байгуулав.
  • Монгол, Японы бизнес форумыг Токио хотноо 2018 оны 2 дугаар сард зохион байгуулав.
  • Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг Токио хотноо 2018 оны 12 дугаар сард зохион байгуулав.
  • Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын бизнес форумыг Токио хотноо 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулав.
  • Монгол, Японы бизнес форумыг Токио хотноо 2019 оны 12 дугаар сард зохион байгуулав.
  • “Инвест Монголиа 2021” форумыг 2021 оны 5 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулав.
  • “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсны 5 жилийн ойн хүрээнд Монголоос Япон руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх чиглэлд тулгамдаж буй тээвэр, ложистикийн зэрэг асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2021 оны 6 дугаар сард цахим семинарыг зохион байгуулав.

Олон улсын судалгаа, сургалтын хүрээлэн (IIST)-гээс “Азийн ирээдүйтэй удирдагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хоккайдо, Монголын бизнес форум” 2018 оны 2 дугаар сар, 2019 оны 2 дугаар сард тус тус зохион байгуулав.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд

  • “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн 3-р шат”-ыг 2018 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сард хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах судалгааны шугамаар “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 12 сард хэрэгжүүлэв.
  • “Улаанбаатар хотод үйлдвэрийн хаягдал усны бохирын шугам сүлжээг сайжруулах төсөл”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Японы ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрт DPF (Diesel Particulate Filter) тортог шүүгчийг суурилуулж хөдөлгүүрээс ялгарах тортогжилтыг бууруулах туршилтын төсөл”, олон улсын байгууллагын шугамаар “Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалт”-ын төслийг тус тус  хэрэгжүүлэв.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт 2020 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан. Тусламжийн хүрээнд “Файзер” компанийн 2.35 сая тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулав. Төслийн нийт санхүүжилт 2,32 тэрбум иен (21.6 сая ам.доллар).

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжаар 1 тэрбум иенийн (9,3 сая ам.доллар) эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв. Талууд 2020 оны 6 дугаар сард солилцох ноот бичигт гарын үсэг зурсан.

КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн харилцан солилцох ноот бичигт талууд 2021 оны 7 дугаар сард гарын үсэг зурав. Хөтөлбөрийн санхүүжилт 883 сая иен (8 сая ам.доллар).

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Коронавируст халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх ба эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах төсөл”-ийг 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжүүлнэ.

ЖАЙКА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийг 2021 оны 11 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлнэ.

IV дулааны цахилгаан станцын засварын ажил дуусч, 2021 оны эцсийн байдлаар 4.17 тэрбум иенийг монголын талд шилжүүлсэн болно.

Гурав. СОЁЛЫН ХАРИЛЦАА, ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО

Соёлын харилцаа, иргэд хоорондын солилцоогоор дамжуулан хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцааны чухал үндэс суурь гэдгийг талууд тэмдэглэж, хоёр улсын Засгийн газар ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд залуучууд хоорондын солилцоог бүхий л боломжоор дэмжиж ажиллав.

Орон нутаг хоорондын солилцоог хөгжүүлж, нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоон бүтээхэд чиглэсэн дэмжлэгийг эрчимжүүлэв.

Токио-2020 Олимп, Паралимпын наадмыг угтан спортын салбарын солилцоог идэвхжүүлэв.

КОВИД-19 цар тахлын улмаас төлөвлөгдөж байсан зарим ажил, арга хэмжээ хойшлогдоод байна.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээ

(1)  Хүүхэд залуучуудын солилцоо

“JENESYS-2017-2019” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 204 хүүхэд залуус Японд зочлов.

“JENESYS-2020” хөтөлбөрийн хүрээнд манай улсын 33 хүүхэд залуус японы хүүхэд залуустай цахим хэлбэрээр уулзав.

2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Азийн ахлах сургуулийн сурагчдын “Гүүр” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 4 хүүхэд, 2019 онд 10 хүүхэд, 2020 онд 9 хүүхэд Японы ахлах сургуулиудад зочлов.

“Олон улсын хүүхэд залуучуудын сайэнс” хөтөлбөр (Сакүра сайэнс)-ийн хүрээнд 2017 онд 154 хүүхэд, 2018 онд 201 хүүхэд, 2020 онд 136 судлаач Япон Улсад зочлов. 2020 онд 196 хүн цахим хөтөлбөрт хамрагдав.

(2)  Соёлын солилцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа

Хоёр улсын Дипломат төлөөлөгчдийн газрууд дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар форум, “Хаврын баяр”, “Намрын баяр” арга хэмжээ, “Билгүүн Ундрага”, “Их татлага”, “Увертюра” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын аялан тоглолт, “Хөгжмийн үдэшлэг”, “Трио концертын үдэшлэг” зэрэг 12 арга хэмжээг Токио дахь Монгол Улсын ЭСЯ, Осака дахь ЕКГ-аас хэрэгжүүлэв.

Поп урлагийн наадам, япон хэлээр уран илтгэгчийн тэмцээн, япон дууны уралдаан, комик наадам, кэндамагийн тэмцээн, кимоногийн загварын шоу, Япон Улсын Элчин сайдын нэрэмжит жүдо бөхийн цомын тэмцээн, Кэндогийн тэмцээн зэрэг 24 арга хэмжээг Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-наас хэрэгжүүлэв.

Япон Улсын Гадаад хэргийн яамны Өвсний үндэс соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд япон хэлний боловсролын салбарт “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургуулийн япон хэлний сурах орчинг сайжруулах хөтөлбөр”-ийг 2017 онд, “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний танхимыг тохижуулах төсөл”-ийг 2020 онд тус тус хэрэгжүүлэв.

Монгол Улсыг гадаадын улс оронд сурталчлах бодлогын хүрээнд Япон Улсад Монгол Улсын Соёлын элчээр 8 хүн ажиллав.

 “Япон сан”-гийн шугамаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

“Японы кино өдөрлөг”-ийг Улаанбаатар хотноо 2017 оны 8 дугаар сар, 2018 оны 5 дугаар сард, 2019 оны 6-10 дугаар сард тус тус зохион байгуулав.

“Struggling Cities” үзэсгэлэнг 2017 оны 10-11 дүгээр сард Улаанбаатар хотноо гаргав.

“Нэцүкэ-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэнг 2018 оны 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гаргав.

Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтарсан “Олон улсын дасгалжуулагч бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрт монголын төлөөлөл 2018 оны 7 дугаар сард хамрагдав.

Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Дасгалжуулагч бэлтгэх сургалт”-ыг 2018, 2019 онд тус тус зохион байгуулав. Энэ хүрээнд Японы хөлбөмбөгийн холбооны техникийн зөвлөлийн гишүүн Кимүра 2018 оны 3 дугаар сард Монголд ирж ажиллав.

Токиогийн урлагийн зөвлөл “Авьяаслаг Токио” арга хэмжээг зохион байгуулах хороотой хамтран зохион байгуулсан “Авьяаслаг Токио” арга хэмжээнд монголын төлөөлөл 2017 оны 11 дүгээр сард оролцов.

“Гэнжийн туульс” номыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2018 онд санхүүжүүлэв.

Азийн хотуудын үйл ажиллагааг дэмжих “Global work camp in ASO” арга хэмжээг 2018 оны 4-10 дугаар сард зохион байгуулж, монголын төлөөлөл оролцов. “Китами хот дахь Азийн хүүхдийн 11 дэх удаагийн кино наадам” 2017, 2018, 2019 онд тус тус зохион байгуулагдаж монголын төлөөлөл оролцов.

Соёлын бүтээлч хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Олон нийтийн сургалтын төвөөр дамжуулан тогтвортой орон нутгийн хөгжлийг дэмжих солилцооны хөтөлбөр”-ийг 2021 оны 8 дугаар сард зохион байгуулав.

Монголын олон нийтийн телевизийн сувгаар 2017-2021 онд Японы нийт 34 цуврал нэвтрүүлгийг толилуулав.

“Монгол, Японы хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Арилжааны тухай хууль” семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион  байгуулав. “Дэлхийн өв Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин газар нутгийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. “ЗХА-ийн оюутнуудын дугуй ширээний уулзалт” болон “Дайны дараах  Монгол, Японы харилцаан дахь өвсний үндэс гадаад харилцааны бодлого үүрэг: Өнгөрсөн, одоо, ирээдүй” арга хэмжээг 2019 оны 8 дугаар сард зохион байгуулав.

Бүс нутгийн удирдагч, залуучууд соёлын хөтөлбөрийн хүрээнд “Японы шинэ үеийн удирдагч бэлтгэх дамжаа” арга хэмжээг 2017, 2018, 2018, 2019 онд тус тус зохион байгуулж  монголын төлөөлөл оролцов.

“Японы үндэсний аюулгүй байдал болон залуусын эх оронч үзэл” судалгаанд 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл, “Залуучуудын япон хэл сурах явцын өөрчлөлт” судалгаанд 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 4 сард, “Нийгмийн өөрчлөлтийг даган хувьсах амьдралын хэв маягийн өөрчлөлт-Япон, Монгол эмэгтэйчүүдийн өнцөг” судалгаанд 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сард дэмжлэг үзүүлэв.

Япон хэлний сургалттай холбоотой дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

2017 онд Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 4 байгууллагад дэмжлэг үзүүлж, япон хэлний 1 мэргэжилтэн томилон ажиллуулав. Мөн Япон хэлний багш нарын сургалтад 2 багш, япон хэлний мэргэжлийн сургалтад 3 төрийн албан хаагч, япон хэл суралцагч тэргүүний оюутан нараас Японд урих хөтөлбөрт 1 оюутан, тэргүүний сурагчийг Японд урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.

2018 онд Япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 6 байгууллагад дэмжлэг үзүүлж, япон хэлний мэргэжилтэн томилон ажиллуулав. Мөн япон хэлний багш нарын сургалтад 1 багш, магистрантурын сургалтад 1 оюутан, япон хэлний мэргэжлийн сургалтад 2 хүн, Японд тэргүүний оюутан нараас урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав.

2019 онд япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 2 байгууллагад дэмжлэг үзүүлж,  япон хэлний 1 мэргэжилтэн томилон ажиллуулав. Мөн япон хэлний багш нарын сургалтад 2 багш, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад 12 хүн, япон хэлний мэргэжлийн сургалтад 1 төрийн албан хаагч, япон хэл суралцагч тэргүүний оюутан нараас Японд урих хөтөлбөрт 1 оюутан, тэргүүний сурагчийг Японд урих хөтөлбөрт 1 оюутан тус тус хамрагдав. Япон сангийн шугамаар Япон хэлний суурь мэдлэгийн  шалгалт (JFT-Basic)-ыг зохион байгуулав. 2019 онд нийт 60 хүн шалгалтад оролцов.

2020 онд япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 4 байгууллагад дэмжлэг үзүүлж, япон хэлний 1 мэргэжилтэн цахимаар ажиллав. Япон хэлний багш нарын цахим сургалтад 2 багш, япон хэл сурахад зориулсан дүрст хичээл бэлтгэх сургалтад цахимаар 3 хүн хамрагдав. Япон сангийн шугамаар Япон хэлний суурь мэдлэгийн  шалгалт (JFT-Basic)-ыг зохион байгуулав. 2020 оны 9 дүгээр сард зохион байгуулсан шалгалтад нийт 84 хүн, 11 дүгээр сард зохион байгуулсан шалгалтад 16 хүн, 2021 оны 3 дугаар сард зохион байгуулсан шалгалтад 76 хүн оролцов. Япон хэлний сургалт эрхэлдэг 6 байгууллагад дэмжлэг үзүүлэв. Монгол, Япон төвтэй хамтран япон хэлний сурах бичиг “Иродори  ахуйн япон хэл” номыг хэвлүүлэв.

2021 онд япон хэлний сургалт эрхэлдэг Монголын 3 байгууллагад дэмжлэг үзүүлж, япон хэлний 1 мэргэжилтэн, япон хэлний 1 багшийг цахим сургалтад хамруулав. Мөн япон хэл сурахад зориулсан дүрст хичээл бэлтгэх сургалтад 1 хүн хамрагдав. Япон сангийн шугамаар Япон хэлний суурь мэдлэгийн  шалгалт (JFT-Basic)-ыг зохион байгуулж, нийт 276 хүн шалгалт өгөв. Япон хэлний сургалт эрхэлдэг 5 байгууллагад дэмжлэг үзүүлэв. Монгол, Япон төвтэй хамтран Япон хэлний сурах бичиг “Иродори  ахуйн япон хэл” номыг хэвлүүлэв.

Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-д 2016 онд 1723 хүн, 2017 онд 1978 хүн, 2018 онд 2313 хүн, 2019 онд 4022 хүн шалгалт өгсөн. 2020 онд цар тахлын улмаас шалгалтыг зохион байгуулаагүй. 2021 онд 2742 хүн шалгалт өгсөн.

(3) Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд: 

Судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд 297 судлаач, мэргэжил дээшлүүлэх сургалтад 891 судлаач, 2018 онд 284 судлаач,  мэргэжил дээшлүүлэх сургалтад 968 судлаач, 2019 онд 248 судлаач, мэргэжил дээшлүүлэх сургалтад 745 судлаач тус тус хамрагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол судлалын Үндэсний зөвлөл Япон дахь монгол судлалыг дэмжих зорилгоор 2018 онд “Япон дахь Монгол судланынийгэмлэг”-т  20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй гадаадын залуу судлаачдын зуны сургалтад япон оюутнууд оролцов.

Орон нутгийн засаг захиргааны нэгж хоорондын солилцооны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 4 дүгээр сард Япон Улсад айлчлав.

Мияаконожо хотын захирагч, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар 2017 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Тоттори мужийн захирагч 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Шизүока мужийн захирагч 2017 оны 8 дугаар сар, 2018 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Мүсашимураяма хотын дарга 2018 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа:

Япон Улсад 2017 онд зохион байгуулагдсан “Аялал жуулчлалын ЭКСПО”-д Монгол Улс оролцов.

“Аялал жуулчлалын ЭКСПО-2018”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцож, Япон Улсын Зам тээвэр, газар, дэд бүтцийн сайд Н.Иший-тэй уулзав. Тус ЭКСПО-д монголын тал павильон гаргав.

“Аялал жуулчлалын ЭКСПО-2019”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов. Тус ЭКСПО-д монголын тал павильон гаргав.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийв. Судалгааны хүрээнд 2021 оны 9 дүгээр сард семинар зохион байгуулж, 100 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй оролцов.

Боловсролын салбарын хамтын ажиллагаа:

Япон Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, 2017 оны 11 дүгээр сард харилцан Солилцох ноот бичигт хоёр тал гарын үзэг зурав.

Япон Улсын Засгийн газрын тэтгэлгт JDS хөтөлбөрийн хүрээнд  2017 он, 2018, 2019, 2020 онд тус тус 20 гаруй магистрантур, докторантурт 2 нийт  22  оюутан Япон Улсад суралцав. Япон Улсын ГХЯ-нд 2018 онд 1 монгол оюутан богино хугацааны дадлагад хамрагдав.

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, Сайн дурын гишүүн томилон ажиллуулав. Түүнчлэн “Өвсний үндэс хөтөлбөр” болон олон талт хөтөлбөрийн хүрээнд  дэмжлэг үзүүлэв.

Олон улсын солилцооны хөтөлбөр (CIR)-т 2017 онд 3 хүн, 2019 онд 1 хүн, нийт 4 хүн хамрагдав.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Япон-Монголын сургалтын эмнэлгийн хүний нөөцийг чадавхижуулах, менежментийг төгөлдөржүүлэх төсөл”, “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2017 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сард хэрэгжүүлж байна.

Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрүүл мэндийн технологийг олон улсын түвшинд дэмжих төсөлд 2017-2020 онд нийт 11 эрүүл мэндийн байгууллагыг хамруулав. Уг төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 45 ажилтан хүлээн авч дадлага хийлгэж, цахим болон танхимын сургалтад 950 хүнийг хамруулав

Соёл, урлаг, шинжлэх ухааны хамтын ажиллагаа:

ЖАЙКА-ийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчин монголчуудын уламжлалд суурилсан бэлчээрийн ургамлын үр ашигтай хэрэглээг хөгжүүлэх замаар бэлчээрийг сэргээх төсөл”-ийг 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 7 дугаар сар хүртэл, “Монгол оронд тохиолддог адууны ям, сүрьеэ өвчинтэй тэмцэх арга боловсруулах төсөл”-ийг 2020 оны 6 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

Токио-2020 Олимп, Паралимпийн наадмын хүрээнд хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын солилцоо:

Энэ чиглэлд 2014 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд “Ирээдүйн төлөө спорт” хөтөлбөрийн хүрээнд 252 арга хэмжээ зохион байгуулагдаж, монголоос нийт 95 мянган хүн үр шимийг нь хүртэв. Тухайлбал, Азийн рэгбигийн цахим семинарт монголын төлөөлөл оролцов. Монголд радио гимнастик дэлгэрүүлэх арга хэмжээг 2018 оны 7 дугаар сараас 8 дугаар сард зохион байгуулав.   Монголын охидын “U-14” хөлбөмбөгийн баг 2018 оны 7 дугаар сард Японд зочлов. Японы Агаарын теннисний холбооноос Монголын Агаарын теннисний холбоонд 2017 оны 11 дүгээр сард агаарын теннисний хэрэгсэл бэлэглэв. Японы Кэндогийн холбооноос Монголын Кэндогийн холбоотой хамтран Кэндогийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж, кэндогийн хэрэгсэл бэлэглэв.

Японы 18 орон нутгийн засаг захиргааны нэгж  Монголын тамирчдын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлэв. Орон нутгийн засаг захиргааны нэгжтэй спортын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу соёл, эдийн засаг, хүн хоорондын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэв.