Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд Эрүүгийн цагдаагийн газраас чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар шалгалт хийж байгаа аж. Тус сангийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан.
Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 2021 онд Монгол Улсын Засгийн газраас “ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 500 тэрбум төгрөгний зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин энэ жилийн хувьд 380 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаар олгож байгаа юм.