АСЕМ-аар авсан 24.5 ТЭРБУМЫН тавилгыг актлаж, Ц.Ням-Осор өөрийн Сэлэнгэ зочид буудалдаа өгсөн үү

АСЕМ-аар авсан 24.5 ТЭРБУМЫН тавилгыг актлаж, Ц.Ням-Осор өөрийн Сэлэнгэ зочид буудалдаа өгсөн үү

БНХАУ-ААС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН 24.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТАВИЛГЫГ АКТЛАЖ, СЭЛЭНГЭ АМРАЛТЫН БААЗАД АШИГЛАЖ БАЙНА ГЭВ-

Өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулсан билээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаас таван сарын өмнө буюу мөн оны хоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд санамж бичиг байгуулж, уг санамж бичгийн хүрээнд урд хөршөөс манай улсад АСЕМ-ын уулзалтад ашиглагдах бараа бүтээгдэхүүн, тухайлбал хурлын зориулалтын систем, зочид буудлын тавилга хэрэгсэл нийлүүлэхээр болсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд тус улсын “Шорой” модны барилгын группээс улс орнуудын удирдагчдын байрлах 53 хаусын тавилга хэрэгсэл, дээд зэрэглэлийн зочид буудлын 246 өрөөний тавилга хэрэгсэл, хурлын орчуулгын 16 өрөөний техник хэрэгсэл, гал түймэр унтраах хэрэгсэл, цагдаагийн хэрэгсэл, хурлын төв танхим болон зургаан хуваарьт танхимын ширээ, буйдан, тайз зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь нийт 74 сая юань буюу 24.5 тэрбум төгрөгийн бараа өртөгтэй гэдгийг тухайн үед мэдээлж байв.

Мөн оны тавдугаар сард дээрх үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын талаас манай улсад хүлээлгэн өгч, дээд зэрэглэлийн тавилга хэрэгслийг АСЕМ-ын уулзалтад зориулсан хаус, зочид байрлах буудлуудад ашиглажээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, 2016 оны сүүлчээр буюу одоогоос хагас жил орчмын өмнө БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирүүлсэн 24.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий дээд зэрэглэлийн тавилга, зочид буудлын хэрэгслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас актласан байна.

Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 24.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэдгээр хэрэгслүүдийг ашиглах боломжгүй хэмээн акталж, өөрийн хувьцаа эзэмшдэг Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтын баазад ашиглаж байж магадгүй байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Сэлэнгэ” амралтын бааз нь өнгөрсөн 2016 оны сүүлчээр зочид буудлын өрөөний тавилга хэрэгслийг шинэчилсэн нь үнэн гэх ба АСЕМ-д зориулж буцалтгүй тусламжаар ирсэн буудлын хэрэгслүүдийг акталсан цаг хугацаатай давхцаж байгаа аж. 

Тэрээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу одоогийн албан тушаалдаа жинхлэгдэн томилогдохоосоо өмнө Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгт Ц.Ням-Осор нь хувийн эзэмшлийн “ToyotaPrado”, “ToyotaHighlander”, “ToyotaLand Cruiser 200” маркийн дөрвөн автомашинтай, 925 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууц объекттой хэмээжээ. Түүнчлэн "ХосЭрхэс" ХХК, "Сэлэнгэ Эрдэнэт" ХХК,  Эрдэнэс Тавантолгой ХК-иудаас хувьцаа эзэмшдэг. Эдгээрээс "Сэлэнгэ Эрдэнэт" ХХК буюу “Сэлэнгэ” амралтын баазын хувьцааны хамгийн өндөр буюу 149,772 ширхэг хувьцааг эзэмшдэг ажээ.

Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос өөрөөс нь энэ талаар тодруулахад тэрээр “Сүүлийн үед ийм мэдээлэл гарах болсон. Үнэндээ би тийм хуучин тавилгаар юу хийх билээ. Захиалгатай мэдээлэл гаргаж, их л дайрч байна” гэлээ.

Б.ЦОГ

эх сурвалж: medee.mn сайт