Анхны хос бичигтэн  Говь-Алтай аймаг

Анхны хос бичигтэн Говь-Алтай аймаг

 Говь-Алтай аймгийн хувьд 2021 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иргэдийн үндэсний бичгээр унших бичих чадварыг нэмэгдүүлэх, цэвэр сайхан уран бичигтнүүдийг тодруулах, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгыг түүчээ болгон уг аяныг зохион байгуулж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө соёлын салбарт хийх томоохон зорилтын нэг бол эх түүх, ёс заншлаа дээдлэн өвлүүлэн үлдээх, хөгжүүлэхээр зорьж үндэсний бичиг үсэгтэй аймаг болох, угийн бичгээ айл өрх бүр хөтөлдөг байх гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж. Энэ ажлын хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч  төрийн  бүх албан хаагчийг Монголынхоо үндэсний бичигт сургах аяныг эхлүүлжээ. Аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл гурван үе шаттай сургалт зохион байгуулж, нийт 4200 орчим албан хаагч хамрагдсан байна. Үүнээс 18.2 нь анхан, 62.85 нь дунд, 19.3 хувь нь ахисан шатны мэдлэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Мөн албан хаагчид шалгалт өгч, сайн сурсан гэсэн үнэлгээ авсан байна. Үйл ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит  “Алтайн бахархал” олимпиадыг зохион байгуулжээ. Тус  олимпиадад 170 гаруй байгууллагын 3000 орчим албан хаагч хамрагдсан байна.

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягийг стандартын дагуу шинэчлэх, албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг хосолмол бичгээр хэвлүүлэх, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх гэсэн ажлыг хийжээ. Үүний үр дүнд 170 гаруй байгууллага болон хувийн хэвшлүүд гадна болон дотор хаягаа шинэчилсэн байна. Мөн бүх шатны Засаг дарга нар албан байгууллагын дарга, эрхлэгчид нийтийн сүлжээнд  мэдээ мэдээлэл, айлтгал болон нэрийн хуудас хос бичгээр хэвлэгдэж байна. Олон нийтийн сүлжээнд “Үндэсний бичиг өв соёл-Алтайн бахархал” нэртэй пэйж хуудас ажиллуулж иргэдийг мэдээллээр хангаж байгаа аж. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэлний бодлогын салбар зөвлөл, Соёл урлагийн газартай хамтран “Үндэсний бичиг өв соёл-Алтайн бахархал” уралдаан зарлажээ. Уралдааныг хичээнгүй бичиг, таталган бичиг, бүтээлч уран бичлэг, телеграф гэсэн төрлөөр зохион байгуулахад 180 бүтээл ирсэн байна. Үндэсний бичиг соёлоо эзэмших гэгээн үйлсэд зориулж 10 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулж, төрөл тус бүр дээр таван  бүтээлийг шалгаруулжээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлний бодлогын салбар зөвлөл үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тайлагнах үеэр, ирсэн 180 бүтээлийн 120 шилдэг бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Мөн аяны хүрээнд  “Алтан бийр”, “Бийрийн анир” үзэсгэлэн, том сургалт арга хэмжээг зохион байгуулсан байна.