С.Ангараг: Зөн билгийн тулаан Монголд" нэвтрүүлэг Бямба гарагаас эхлэн NTV телевизээр үзэгчдэд хүрнэ
Зөн билгийн тулаан Монголд шоу нэвтрүүлгийн NTV телевиз албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа зохион байгуулж эхлээд байна. Талаар тус телевизийн Маркетинг борлуулалтын газрын захирал, Зөн билгийн тулаан Монголд шоу нэвтрүүлгийн Ерөнхий продюессор С.Ангарагтай ярилцлаа.
NTV телевиз “Зөн билгийн тулаан” шоуг албан ёсны эрх, форматын дагуу үзэгчдэд хүргэх гэж байгаа. Шоуны талаар ярихаас өмнө албан ёсны онцгой эрхтэй шоу хийнэ гэдэг ямар учиртай вэ гэдэг талаас нь бага зэрэг ярилцвал ямар вэ?
Саяхныг хүртэл Монголын ихэнх телевизийн уран бүтээлчид интернетээс нэг нэвтрүүлэг үзэж байгаад тухайн нэвтрүүлгээ дуурайн хуулбар хийх нь элбэг байсан. Одоо ч бас тодорхой хэсэгт байсаар л байгаа үзэгдэл. Гэхдээ энэ бол нөгөө л бидний яриад байгаа оюуны бүтээлийг шууд хуулбарлаж байгаа хэрэг шүү дээ. NTV телевизийн хувьд анхнаасаа гадаад нэвтрүүлэг, кинонуудыг албан ёсны орчуулгын эрхтэйгээр авч үзэгчиддээ хүргэсээр ирсэн. Гадаад оронд бүтээгдсэн контентийг орчуулан хүргэх эрхтэйгээр авч гаргах бол нэг асуудал. Харин тухайн контентийг бүтээх, нэг ёсондоо монгол хувилбарыг бүтээх эрхийг нь авч ажиллана гэдэг түүнээс ч их төлөвлөлт, зардал, хүчин чадал, туршлага шаардах ажил юм.
Энэ дагуу Монголд хийгдсэн нэвтрүүлгүүдийг харвал Монгол телевиз, Боловсрол суваг телевиз хоёр л зориг гаргаж формат худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Олон улсын нэр хүндтэй шоу нэвтрүүлгийг тухайн формат, стандартаар нь хийнэ гэдэг бэлэн болсон нэвтрүүлгийг орчуулж гаргахаас хэдэн зуу дахин өндөр зардал, хариуцлага шаардлагатай бодог. Телевиз бүр зориглож ороод хийх ажил биш. Гэхдээ хийх л ёстой. Тэр утгаараа NTV телевиз албан ёсны форматын эрхтэйгээр “Зөн билгийн тулаан” шоуг бүтээх ажилд ханцуй шамлан орсон. NTV телевизэд үүнийг хийх бүрэн хүчин чадал, нөөц бололцоо, хангалттай туршлага байгаа.
Монголын телевизүүд албан ёсны эрхтэйгээр дэлхийн томоохон шоуг авч хийж буй нь шоу нэвтрүүлгийн талаарх үзэгчдийн ойлголтыг хэдэн шат ахиулж чадсан байх?
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн бэлтгэл ажил өнгөрсөн намраас эхэлсэн.
Тэгэлгүй яахав. Одоо “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ард 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Телевизийн нэвтрүүлэг энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй ажиллана гэдэг мэдээж ховор. Тэгэхээр энэ бол багагүй хүч хөдөлмөр, санхүүжилт шаардсан ажил болж байгаа. Үүнээс гадна дэлхийн хэмжээний нэвтрүүлгийг стандартын дагуу хийнэ гэдэг бол уг төсөлд оролцож байгаа уран бүтээлчдийн хувьд ч маш том сургууль болдог. Энэ төслийн бэлтгэл ажил өнгөрсөн намраас эхэлсэн. Лиценз эзэмшигч талтайгаа холбогдох, тэдний зүгээс тавих олон шалгуурыг давах, өөрсдийгөө бэлтгэхээс эхэлж байгаа юм. Нэвтрүүлгийн судалгаа хийх, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, зохион байгуулалтын хувьд яаж ажиллах вэ, нэвтрүүлгийн зохиол ямар форматаар бичигдэх ёстой вэ, нэвтрүүлгийн зураг авалт ямар байдлаар хийгдэх ёстой гэх мэтчлэн нарийн заавар, сургалтуудыг бид авсаар л байна.
Нөгөө талаасаа энэ шоу бол уран бүтээлчид бид үзэгчдээ хүндэлж, тэдэнд барьж буй маш том бэлэг. Үзэгч өөрөө тухайн шоуны Монгол хувилбар буюу дэлхийн жишигт нийцсэн стандартын контентийг хүлээж авч байна гэдэг утгаараа. Түүнчлэн бидэнтэй хамтарч ажилладаг бизнесийн байгууллагуудад албан ёсны, стандартын дагуу хийгдсэн шоутай хамтарч ажиллаж байна гэдэг бол нэр төрийн хэрэг байх болно. Энэ мэт олон ач холбогдолтой.
Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг NTV телевиз бараг арав гаруй жил гаргасан байх. Маш олон хүн энэ нэвтрүүлгийг үзэж, дараагийн дугаарыг нь хүлээж байдаг юм билээ?
Юүн түрүүнд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Францийн “Zodiac” гээд компани лиценз эзэмшдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Саяхан энэ компани нь Английн Banijay гээд дэлхийн томоохон медиа групптэй нэгдээд үйл ажиллагаа нь улам өргөжсөн байгаа. “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлэг нь дэлхийн 22 оронд хэдийн өөр өөрийнхөө хувилбараар үзэгчдэд хүрчихсэн шоу нэвтрүүлэг юм. Хамгийн амжилттай болсон хувилбарууд гэвэл ОХУ, Англи, АНУ, Украин, Эстони зэрэг улсад хийгдсэн хувилбаруудыг дурдаж болно. Монголчуудын хувьд ОХУ-ын хувилбарыг манай телевизээр үздэг учраас сайн мэддэг. Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг орчуулж гаргах эрхийг NTV телевиз “Zodiac” компаниас албан ёсоор 9 жилийн өмнө аваад энэ хугацаанд 17 цуврал нэвтрүүлгийг орчуулаад үзэгчдэдээ хүргэсэн байна. Байнгын үзэгчдийн тоо ч улам бүр өссөөр байгаа.
Цахим орчинд энэ шоуны талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Зохиомол, худлаа шоу гэдэг ч юм уу үзэл бодол ч явж байгааг та анзаарсан байх?
Энэ бол байнга яригддаг зүйл. Гадны орнуудад хийгдсэн нэвтрүүлгүүдэд ч ийм эргэлзсэн яриа гардаг юм билээ. Тэгэхээр хүн юунд итгэнэ тэр нь үнэн гэж үг байдаг. Юутай ч энэ бол телевизийн шоу нэвтрүүлэг. Тийм болохоор телевизийн уран бүтээлчид бидний хувьд мэдээж хасах, засах, найруулах зүйл хийлгүй яахав. Гэхдээ энэ нь үйл явдал, сорил даалгавар, оролцогчдын хувьд анхнаасаа тавилттай хийгддэг гэсэн үг огт биш.
Хүмүүсийг мунхаруулж байна гэж хэлдэг хүмүүст хандаж хэлэхэд хүний итгэлээр бизнес хийдэг маш олон зөн билэгтэн гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байна. Тэдгээр худлаа дүр эсгэсэн хүмүүсийг, жинхэнэ зөн билэгтэй чадвартай хүмүүсээс энэ шоугаар дамжуулан ялгаж өгөхийг хичээж байгаа юм. Үнэхээр зөн билэгтэй, авъяас чадвартай юу гэдэг нь шүүгчид, судлаачдын хяналт доор явагдаж байгаа энэ сорилууд дээр харагдана. Магадгүй танай хороололд, танай суманд ч юм уу таны итгэл дээр тулгуурлаж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс байж болно. Тэгвэл тийм хүмүүс ямар арга, заль ашиглан хүний сэтгэлзүй дээр тоглоод байдгийг ялгаж өгөх олон зүйлсийг та энэ нэвтрүүлгээс та харж, мэдэж болох юм.
Мөн энд бид ямар нэгэн зөн билэгтнүүд, бөө, шашны зэрэг холбоо, байгууллагуудтай хамтран ажиллахгүй байгааг тодотгон хэлмээр байна. Манай шоуны нэрийг барьж, хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч байгаа тохиолдлууд гарсаар байгаа учир үүнийг зайлшгүй хэлэх хэрэгтэй байх.
Өмнө нь “Монголын зөн билгийн тулаан” гэсэн нэвтрүүлэг гарч байсан санагдаж байна. Гэтэл та бүхэн албан ёсны эрхтэйгээр анх удаа хийж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаач?
Нэвтрүүлэг энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн үзэгчдэд хүрнэ.
Тэр бол нэг хувь хүний санаачилгаар цөөн хүний бүрэлдэхүүнтэй нэг студийн бүтээл юм билээ. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс NTV телевизээр албан ёсны эрхтэйгээр орчуулагдан гарч байсан оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг хуулбарлан, дууриан хийсэн гэсэн үг. Зөн билгийн тулаан гэсэн энэ нэрийг хүртэл анх NTV телевиз “Битва экстрасенсов” орос нэрийг нь шууд үгчилж биш, үзэгчдэд илүү ойр дөхөм байхыг нь бодон утгачилан орчуулсан нь тэр шүү дээ. Бас нэгэн харамсалтай зүйл дурдахад, тухайн хуулбар нэвтрүүлгийг хийж байх үед оролцсон олон зөн билэгтэй хүмүүс дунд тухайн нэвтрүүлэг нь шударга бус, түрүүнд өөрийн чинь хэлдэгээр урьдчилан тохиролцоо, тавилттай явагддаг байсан тухай мэдээлэл бидэнд төдийгүй цагдаагийн байгууллагад очсон байна лээ. Энэ утгаараа одоо бидний хийж байгаа энэ шоунд оролцохдоо өмнөх муу туршалагаараа бидэнтэй хуйвалдах гэсэн саналтай хүмүүс нэлээд ирсэн. Мэдээж бид тэдгээр хүмүүсийг шоундаа оролцуулахаас шууд татгалзсан. Тэгэхээр цөөн хэдэн хүний түр зуурын ашиг сонирхолынхоо төлөө хийсэн буруу үйлдэл нь энэ телевизийн салбарын дараа дараагийн уран бүтээлчдийн ажилд муугаар нөлөөлөх, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэх, цаашлаад монголынхоо медиа салбарын нэр хүндийг ч сэвтүүлэх аюултай байгаа юм.
Энэ шоу нэвтрүүлэгт нууцлалын асуудал тун чухал байх гэж бодогдлоо. Үүнийг хэрхэн хангаж байгаа вэ?
Маш олон шаардлага, стандартуудыг лиценз эзэмшигчийн зүгээс бидэнд бидэнд тавьж байгаа. Үүний зэрэгцээ хяналт хийгдэж байгаа. Тийм учраас бид энэ шоуг явагдаад дуусахад ёс бус, шударга бус зүйл гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэвтрүүлгийн онцлогоос шалтгаалаад зургийн багийнханд хүртэл тухайн даалгавар хаана явагдах, ямар даалгавар байхыг нь бүрэн задалдаггүй. Зохион байгуулалтын хувьд аваад үзэхэд нэвтрүүлгийг хийх явцад 1-3 гэсэн нууцлалын зэрэглэл багийнханд тавьж байгаа. Нэвтрүүлгийн багийн дотроос мэдээлэл алдагдах, мэдээллийг оролцогч нарт задруулах боломжгүй гэсэн үг. Энэ бол шоуг стандартын дагуу хийж байгаа гэдгийн нэг л жишээ юм. Мөн энэ шоу нэвтрүүлгийн багт судлаачид болон шүүгчдийн бүрэлдэхүүн ч ажиллаж байгаа. Тэднийг олон нийтэд ил зарлах шаардлагагүй байдаг бөгөөд тэд нэвтрүүлгийн үнэн зөв явахад хяналт тавин оролцож байгаа.
Монголын зөн билэгтнүүд гэхээр бөө, удган, лам хүмүүс л оролцох байх гэж яриад байгаа. Ямар хүмүүс түлхүү оролцож байна?
Мэргэжлийн олон байгууллагатай хамтарч ажилладаг нь энэ шоуны онцлог.
Шоу маань энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн үзэгчдэд хүрнэ. Тэндээс ямар хүмүүс оролцож байгааг та бүхэн хараарай. Мэдээж дийлэнх хүмүүсийн төсөөлөл онгод тэнгэртэй харьцдаг бөө нарын тухай байгаа байх. Гэхдээ Монголд зөн билгийн ур чадвартай маш олон хүн байдаг юм байна гэдгийг шоунаас бид өөрсдөө харж байна. Онгод тэнгэр бөөгийн зан үйлээр тодорхой зүйлийг мэдэрнэ гэдэг бол энэ дэлхий даяар байгаа онцгой мэдрэмжүүдийн нэг л хэсэг. Гэтэл тэр зөн билэг болон ямар нэгэн зүйлийг мэдрэх мэдрэмжтэй, онцгой чадвартай хүмүүсийн ур чадварууд бол тоо томшгүй их. Монгол зөн билэгтэн гэхээр бөө, лам хүмүүс байдаг гэж хараад байдаг. Гэтэл үүний цаана өөр байдлаар мэдрэмжээ хөгжүүлсэн, өөр байдлаар мэдрэмжээ ашиглан хүмүүст тусладаг гээд янз бүрийн хүмүүс байна. Бид албан ёсны, дэлхийн шоу гэдэг утгаараа тэр хүмүүс маш зоригтойгоор манай нэвтрүүлэгт орж ирсэн. Маш сонирхолтой оролцогч нар байгаа гэдгийг хэлмээр байна. Бүртгэл эхлэхэд 200 орчим хүн ирсэн. Бид эхний байдлаар тестүүд хийж үзэхэд эрүүл мэндийн болон ур чадварын хувьд эргэлзээтэй гэдэг ч юм уу шалтгаанаар олонх нь хасагдсан. Нэгдүгээр шатанд 60 орчим хүн оролцож, үндсэн сорилын даалгаварыг гүйцэтгэсэн. Үүнээс нэвтрүүлгийн туршид шигшигдсээр байгаад шилдэг 10 зөн билэгтэн үлдээд гол тулаанууд тэдний дунд явагдана.
Нэвтрүүлгийн хүрээнд ямар мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг вэ?
Мэргэжлийн олон байгууллагатай хамтарч ажилладаг нь энэ шоуны онцлог. Цагдаагийн байгууллага, сэтгэц эрүүл мэндийн байгууллага, түүхийн хүрээлэн зэрэг олон газрууд байна. Форматын дагуу нэвтрүүлэг бэлтгэхэд тавигддаг ба нэгэн стандарт шаардлага нь тийм юм билээ. Тэгэхээр энэ нэвтрүүлэг нэг талаас хүмүүсийн зөн билгийг шалгаад байгаа боловч нөгөө талаасаа нийгэмд маш их мэдээлэл өгч байдаг. Буруу мэдээлэл өгвөл нийгмийг төөрөгдүүлэх аюултай шүү дээ. Бас түүх, улс эх орны болоод хувь хүний нууцтай холбоотой зүйлс яригддаг учраас дээрх мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаас өөр аргагүй юм.
Эцэст нь хэлэхэд бид бүхэн энэ шоугаараа итгэл үнэмшилтэй байх, шударга байх бүх шалгуурыг хангаж үзэгчдэдээ чанартай нэвтрүүлэг өргөн барих болно гэдгийг танай сайтаар дамжуулан хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.