G7-гийн орнууд Оросын эсрэг хоригоо чангатгана

G7-гийн орнууд Оросын эсрэг хоригоо чангатгана

Ням гарагт Их Долоогийн орнуудын удирдагчид ОХУ-ын Украинд хийж буй дайнд үргэлжлүүлэн ямар хариу арга хэмжээ авах талаар видео хурлаар хэлэлцлээ. Үүний зэрэгцээ АНУ, Их Британи Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарлав.

Дэлхийн тэргүүлэгч орнуудын удирдагчид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, "Украиныг эзлэн түрэмгийлсэн Путины дайны  өндөр төлбөрийг Орос улс төлөх" талаар ярилцав.

Энэ уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцжээ.

Уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ "Их 7"-ын удирдагчид ОХУ-ын эдийн засгийн тусгаарлалтыг чангатгаж, Путиныг дэмжигч Оросын элитүүдийн эсрэг кампанит ажлыг "шинэ түвшинд ахиулна" гэж амлав.

Тэд зарим талаараа Оросоос хамааралтай санхүүгийн болон бусад гол үйлчилгээнээсээ Оросыг хасч, улмаар тус улсын эдийн засгийн бүх салбарт тусгаарлагдмал байдлыг бэхжүүлнэ гэв.

Түүнчлэн "Их 7"-ын удирдагчид Оросын нефтийн импортыг хориглох зэргээр Оросын эрчим хүчний нөөцийг үе шаттайгаар зогсоох амлалтаа дахин нотлов.

"Бид ерөнхийлөгч Путины дайныг дэмжиж, Оросын ард түмний нөөцийг үрэн таран хийж буй санхүүгийн элитүүд болон гэр бүлийн гишүүдийн эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлж, өргөжүүлэх болно" гэж G7-ийн мэдэгдэлд дурджээ.