Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг 1948 оноос эхлэн Дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд Монголын Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж байна.
Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав.
Энэ жилийн Хүмүүнлэгийн өдрийн онцлог нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн брэнд дуу болох “Сахиусан тэнгэр” дуун дээр бүжиг дэглэж, орон даяар флашмоб бүжгийн чэлленжийг зарлаж, бүжгийг Moon dance бүжгийн клуб, Royal dance бүжгийн хамтлаг дэглэж, хамтран оролцлоо.