С.Энхболд: Цар тахлын үед манай улсын баримталсан стратеги маш зөв байсан

С.Энхболд: Цар тахлын үед манай улсын баримталсан стратеги маш зөв байсан

С.Энхболд:

“Цар тахлын үед манай улсын баримталсан стратеги маш зөв байсан гэдгийг гадаад, дотоодын олон судалгаа харуулж байгаа. Гадны зарим улс орон ч сайшаасан. Тэр дундаа ард иргэдээ маш богино хугацаанд вакцинд хамруулсны үр дүнд дөрвөн давалгааг даван туулж байна. Энэ хугацаанд эмчилгээ, хариу арга хэмжээ, дасан зохицох тактик гээд 20 гаруй удирдамжийг цаг тухай үе болгонд нь зохицуулж шинэчилж ирсэн. Энэ бүхэнд эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчилсан. Саяхан Дэлхийн банкны улс орнуудтай цахим хурал хийхдээ манай улсын баримталсан стратеги төлөвлөгөөг магтсан. Нэг сая хүнд ногдох нас баралтын тоо маш бага. Бид богино хугацаанд 23000 орыг дэлгэсэн нь том амжилт байв. Нэг ч хүнийг орхигдуулахгүй гэсэн зарчмыг баримталж эрсдэлтэй бүлгүүдээ хамгийн түрүүнд барьж авсан. 540 тэрбум төгрөгийг зөвхөн COVID-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан. Жишээлбэл, манай улс шиг өрхөөрөө дамжуулж хянаж эм өгч байсан улс бараг байхгүй. Энэ мөнгөөр цар тахлын эрсдэлийг давж гарсан.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт өгсөн мөнгө хаачив гэсэн хардлага сэрдлэг их явсан. Гэтэл PCR шинжилгээний нэг урвалж 56000 төгрөг. Өдөрт хэдэн мянган шинжилгээ хийж бараг тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Үнийг үе шаттай буулгасан. Энэ болгонд их мөнгө зарцуулж байсан юм шүү. Аудит ч хийсэн.Жил гаруй хугацаанд цар тахлын нөхцөл байдалд хүнд хэцүү ажилласан ч салбарын реформыг эрчимтэй явуулж чадсан. Худалдан авалтаа зөв төлөвлөсөн нь эхнээсээ үр дүн харагдаж байна. Үр өгөөжөө өгсөн томоохон ажлуудыг ч хийлээ. Хөрөнгө оруулалт, боловсон хүчин, бодлого шийдвэр гээд салбар хангалттай чадавхжиж, бэхэжсэн гэж хэлж болно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин