МАН-ын удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нарыг аль нэгийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх шийдвэр гаргав
МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой хуралдсан байна. Өнөөдөр тус намын бага хурал болохоор төв нь зарлагдаад байгаа. Уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэхийг шийдэх учиртай. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж 2 хүний нэрийг бага хуралдаа оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
МАН-ын дарга М.Энхболдын нэрийг хамгийн эхэнд оруулна. Түүнтэй өрсөлдүүлэх хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэж МАН-ын удирдах зөвлөл шийдвэрлэжээ.
Олон төрлийн судалгаагаар Ц.Нямдоржийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэсэн тооцоо гарч байгаа. Гэхдээ Ц.Нямдоржийн хувьд Ерөнхийлөгчийн суудлыг эзлэх бодол төдийлөн байхгүй. Харин намынхаа даргыг дэвшүүлэн зайлуулчхаад УИХ-ын даргын сэнтийд 3 жил тухлах нь мань хүнд хамгийн зөв шийдэл болно. Үүнийг ч тооцоолоод эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн.
МАН-ын удирдах зөвлөлийн хувьд ганц хүний нэрийг бага хуралдаа оруулж 100% гар өргүүлэн дэмжүүлэхийг хүссэнгүй. Харин олон нийтэд өрсөлдөөний дундаас М.Энхболд гарч ирсэн гэх хандлагыг төрүүлэхийн тулд Ц.Нямдоржийн нэрийг хамтад нь бага хуралдаа оруулж байгаа бололтой.
МАН-ын удирдах зөвлөлийн хурлын зурагласан төлөвлөгөөгөөр бол бага хурлаас 90 орчим хувийн саналыг МАН-ын дарга М.Энхболд өвөртлөн гарч ирнэ. Тэгээд тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.