С.Энхболд: Монгол Улсад орж ирж буй эмийн хяналтад хатуу зохицуулалт хийнэ

С.Энхболд: Монгол Улсад орж ирж буй эмийн хяналтад хатуу зохицуулалт хийнэ

Төрөөс эмийн хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар бодлого, үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн талаар өнгөрсөн долоо хоногт холбогдох албаныхан мэдээлсэн. Улмаар 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангаагүй. Мөн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул ЭМДСангаас хөнгөлөлттэйгээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар өнөөдөр өнгөрсөн долоо хоногт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболдоос тодруулахад, "Манайд орж ирж байгаа эм болгоныг чанаргүй гэж хэлж болохгүй. Импортын эм бүхэн дээр хяналт шалгалт хийдэг. УИХ-ын дэргэд байгуулагдаж байгаа чанар хяналтын хороотой ЭМЯ хамтарч ажиллана. Цаашдаа Монгол Улсад орж ирж буй эмийн хяналтад хатуу зохицуулалт хийнэ. Аль болох чанартай, хямд өртөгтэй эм оруулж ирэхийг л зорьж байгаа. Чанарын хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор хууль гарч байна. Мөн төр, хувийн хэвшил чанарыг сайжруулахаар ажиллана. Манайд 4000 гаруй эм бүртгэлтэй байдаг" гэсэн мэдээлэл өгсөн юм.