Малын өтөг, бууцыг ашиглан Унгар технологиор малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна гэв

Малын өтөг, бууцыг ашиглан Унгар технологиор малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна гэв

Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Элчин сайд Обрушанский хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Үүнд тус улсын үндэсний Мангалица үүлдрийн гахайн аж ахуйг манай улсад байгуулж экспортлох боломжтой гэв.

Түүнчлэн Унгар улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйлдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтойг дурдсан юм.

Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээнэ

Тэрбээр “Монголын малын өтөг, бууцыг ашиглан Унгар улсад хэрэгжүүлж буй технологиор боловсруулж малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна. Ингэснээр Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээх, хөрсний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус технологиор үнэргүй, ялзмаг, шим тэжээлээр баялаг органик бордоо гаргаж авах бөгөөд энэ нь чийг багатай, хурдан задардаг бүтэцтэй тул газарт цацсаны дараа чийг авч, амархан задарснаараа ургамлыг үндэснээс нь тэжээдгээрээ онцлог” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед Унгар улсын Засгийн газар Монгол Улсад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласанд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн он жилүүдэд тууштай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт чухал төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлсэнд талархан, дэмжин ажиллахаа илэрхийлэв.