АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга МАН-ын дүрмээр болчихов уу?
Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй. Тэд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид хэнийг өрсөлдүүлэхийг шийдэв. Гэхдээ үнэхээр 180 мянган хүний санал гарчихсан гэвэл эндүүрэл. Маш цөөхөн хүн санал хураалтанд оролцсон гэх мэдээлэл байна. Дээр нь санал хураалт нь зохион байгуулалт, хувилдаанаар шийдэгдсэн гэх гомдол зарим нэр дэвшигч нар гаргаад эхэлжээ.
Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нарын аль нэгийг нь АН-ынхаа гишүүдийн итгэлийг хүлээнэ гэсэн таамаглал байсан. Гэвч тэрхүү таамаглал талаар болчихлоо. МАН ч энэ хоёр эрхмээс болгоомжилж байв. Тэр дундаа Р.Амаржаргалаас маш болгоомжилсон. Учир нь МАН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөх юм бол нэр хүнд, үнэлэмж нь ойролцоо учир хэцүү. Хамгийн гол нь Р.Амаржаргалыг муулах гэхээр сэдэв, өгөгдөл МАН-д олдохгүй. Харин МАН-аас нэр дэвшихээр болсон М.Энхболдыг муулах, харлуулах хангалттай НО-г Р.Амаржаргалын штаб олж чадах байв. Иймээс л МАН-аас АН-ын гишүүдэд нөлөөлж Р.Амаржаргалыг олонхийн дэмжлэг авахуулахгүй байх дээр ажилласан гэх мэдээлэл байна.
Н.Алтанхуягын хувьд намаасаа гараад ирсэн нөхцөлд МАН-ын нэр дэвшигчтэй адилхан хэмжээнд үнэлэмж авна. Бас харлуулах тал дээр хэн хэнд нь өгөгдөл байсан. Гэхдээ бүтээсэн, хийсэн ажил нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос илүү учир эрх баригч намынхан болгоомжилсон нь мэдээж. Энэ ч утгаараа Н.Алтанхуягийг намаасаа дэмжлэг авахуулахгүй байх дээр анхаарсан гэнэ.
Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын хувьд МАН-ын айх айдас, өрсөлдөх өрсөлдөгч нар биш. Тэд угаасаа намаасаа дэмжлэг авахгүй гэсэн судалгааг МАН-ынхан эртнээс хийчихжээ.
МАН-ын дэмжлэгийг хүлээсэн улс төрч нь Х.Баттулга. АН-ын гишүүд дэмжээд гаргаад ирсэн гэхэд олон хүн итгэх боломжтой. Энэ утгаараа АН-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах санал асуулгад МАН-ын нөлөөлөл байсан гэдгийг улс төрийн ажиглагч нар ам уралдан ярьж эхэллээ.
Х.Баттулга улс төрчийн хувьд ард иргэдэд танигдсан. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд сайдын суудалд заларсан. Бас буусан. Нэг хэсэг олон хүний итгэл, сэтгэлийн жигүүр байв. Харин өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг МАН л шийднэ. Учир нь Х.Баттулгад МАН ямар ч аргаар нөлөөлөх боломжтой. Түүнийг Төмөр замын хэргээр айлгана. Нөгөө талдаа түүнийг харлуулах хар пиарын жагсаалтаа МАН аль хэдийн гаргачхаад сэтгэл хангалуун инээж суугаа. Энэ бүхнээс л МАН-ын улс төрийн төлөвлөгөө АН-ын дотоод санал хураалтанд нөлөөлчихлөө гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн хийж сууна. Үнэхээр ч АН-ын дотоод санал хураалт нь МАН-ын хүсэл, сонирхолд нийцээд гарчихсан юм биш биз???